“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж Хайрхан” уулын бэлд зохион байгуулж байна.

Энэхүү фестивалийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа билээ.

Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 5 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна наадмыг зорин очсон хүмүүст соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцах, оролцон суралцах, мэдлэг, ур чадвар олж авах боломжийг бүрдүүлээд байна.

Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морины уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн онцлох арга хэмжээ нь “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Үндэсний бөхийн барилдаан – Үндэсний бөхийн барилдааны насанд хүрэгчдийн ангилалд хүчит 64 бөх, өсвөр насны ангилалд 15-16 насны 32 бөх зодоглоно.

Хурдан морины уралдаан – Монгол Улсын соёлын биет бус өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд их насны морьд уралдана.

Адуучин тэмцээн – Аймаг сумдаас ирсэн адуучин залуус адуу уургалж, эмнэг булгиулж, бугуйлдаж өрсөлдөнө.

Үзэгчдийн дундах нээлттэй тэмцээн – Фестивалийг зорин ирсэн үзэгчдийн дунд наадмын гурав дахь өдөр буюу 8 дугаар сарын 24-нд нээлттэй тэмцээн зарлана. Үзэгч олон үндэсний спортын олон төрөлтэй танилцаж, өөрийгөө сорих боломжтой.

 

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …