Доктор Ж.Оюунмаа “Бурханаас надад өгсөн шагнал юм болов уу”

“Танин мэдэхүй” булангийн энэ удаагийн дугаарт биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюунмааг онцолж байна. Биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюунмаа 1986 онд МУИС-ийн биологийн ангийг Ургамал судлаач мэргэжлээр төгсөж, одоог хүртэл тасралтгүй 39 жил ургамлын аймаг, ургамалжилтын судалгааны ажлаа хийсээр байна.

Түүний шинээр судалж олсон буурцагтны овогт хамаарах “Ортууз” ургамлын төрөл зүйлийг Дэлхийн ургамлын аймагт албан ёсоор 2025 оны зургаадугаар сард “Оюунмаагийн Ортууз- Oxytropis oyunmaae” нэрээр бүртгэжээ.

Тэрбээр 2023 онд Хөвсгөл аймагт судалгааны ажлаа хийж байх явцдаа тус ургамлын төрлийн шинэ зүйлийг олж ирүүлсэн байна.

Буурцагтны овогт хамаарах Ортууз ургамал нь дэлхийд 300 орчим зүйлтэй  том ургамлын төрөлд багтдаг гэв.

Бид Биологийн ухааны доктор, ургамал судлаач Ж.Оюунмаагаас шинээр олж ирүүлсэн ургамлынх  нь талаар тодрууллаа.  

Тэрбээр “2023 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын захиалгаар “Бэлчээрийн доройтол” сэдвээр судалгаа хийж явахдаа Буурцагтны овогт хамаарах Ортууз ургамлын төрлийн шинэ зүйлийг  олсон.

Судалгааны ажлаа дуусгаад буцах замдаа Бүрэнхаан сумын зааг дээр огт үзэж харж байгаагүй шинэ ургамал нүдэнд туссан л даа. Шууд машинаасаа бууж Ортууз ургамлын гербарийн цуглуулгыг хийж МУИС-ийн ургамлын ангилал зүйн  судлаач, эрдэмтдэд авчирч  өгсөн. Дөрвөн сарын дараа ургамал судлаач холбогдож  “Таны шинээр олсон ургамал дэлхийд огт бүртгэгдэж байгаагүй юм байна” гэж мэдэгдсэн. Ингээд Ортууз, хунчир ургамлаар судалгаа хийж, докторын судалгаа хийж байсан залуустай хамтран ажиллаж эхэлсэн.

Үүний дараа Ортууз ургамлын төрлийг дэлхийд албан ёсоор бүртгүүлэхийн тулд бид Botanical Geography сэтгүүлийн судалгааны баг руу судалгааны ажлаа илгээсэн. Сэтгүүлийн эрдэмтэн судлаачдын баг бидний хийсэн судалгааны ажлыг олон янзаар судалж, шинжилсний дараа дэлхийд бүртгэгдэж байгаагүй шинэ зүйл байна хэмээн хүлээн зөвшөөрсөн.

Шинээр олсон Ортууз ургамлын төрөл зүйлээ нэр өгч дэлхийд албан ёсоор бүртгүүлэх болоход их сургуулийн хамтарсан судлаач доктор Б.Оюунцэцэг бүртгүүлэх нэрээ өөрийнхөө нэрээр “Oxytropis оyunmaae” гээд нэрлэж болох юм гэдэг саналаа хэлсэн. Дэлхийд олон ургамал судлаач шинээр олсон ургамлаа өөрийнхөө нэрээр бүртгүүлдэг юм билээ. Миний бие 40 шахам жил бие даан ургамал судалгааны ажил хийлээ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгийн адилаар 39 жил ганцаараа судалгаа хийж зүтгэсний үр дүнд бурхнаас надад өгсөн шагнал гэж бодож байна.” гэлээ.

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …