Энэ сарын 03-ны өдөр Шинжлэх Ухааны Академи Их чуулганаараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, саналаа нэгтгэлээ.
Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг тус академийн их, бага чуулганаар дараалан хэлэлцүүлж эрдэмтдийн саналыг тусгаж байгаа нь анхны тохиолдол болохыг талууд онцолж үнэлэв.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн “Шинэ итгэл-шинэтгэл”-ийг гол зорилгоо болгож Хүний хөгжил, Нийгмийн хөгжил, Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, Байгаль орчин, Засаглал, Бүсийн хөгжил, Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Шинжлэх ухаан, технологи гэсэн найман бүлгийн хүрээнд “Хүний хөгжлийн түвшин, дундаж давхаргыг нэмэгдүүлнэ, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлнэ, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгална, байгаль орчны тогтвортой байдлыг хадгална, зөв засаглалын үзүүлэлтийг нэмэгдүүлнэ, бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгана, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэсэн үндэсний арван зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хангах салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүнгүүдийг үндсэн чиглэлд тусгаснаа танилцууллаа.
Үндсэн чиглэл нь үр дүнд суурилсан, хэмжиж, хүрч болохуйц зорилтоо тоон үзүүлэлтээр тодорхой тусгаснаараа онцлогтойг тодотголоо. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд олон нийтийн саналыг тусган, холбогдох хууль болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн эцэслэн боловсруулж, энэ аравдугаар сарын 15-ний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ч.Содномцэрэн, академич Н.Бэгз нарын эрдэмтэн саналаа илэрхийллээ.

Тэд таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл хэрэгжих эрх зүйн чадамж, 2001-2025 оны хөгжлийн үндсэн чиглэл, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үнэлгээ дүгнэлт зэргийг тодруулж, Монголын улс төрийн дөрвөн жилийн циклтэйгээ хөгжлийн үндсэн чиглэл таван жил хэрхэн уялдаж хэрэгжилт хангахыг тодруулав. Мөн шинжлэх ухааны томоохон төсөл хөтөлбөр санхүү хөрөнгөнөөс шалтгаалан дэмжигдэхгүй орхигддог, санхүүжилт тааруу байгааг ч хэлж байлаа.

ХААҮ-ийн сайд асан Ч.Содномцэрэн “Өнгөрсөн жилүүдэд “Алт”, “Атар” гээд үндэсний хөтөлбөр төсөл олон хэрэгжсэн. Гэсэн ч үр дүнг дүгнэж хэлэлцсэнгүй. Тухайлбал “Атар 3” аяны үр дүнг хэлээлцээгүй “Атар 4” хөтөлбөр эхэлсэн. Цаашид үр дүнг хэлэлцэж, олон нийтэд танилцуулж баймаар байна гэв.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг дагаж гарах хамгийн том баримт бичиг нь энэ таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл. Эрх зүйн баримт бичгийн тухайд 2020 оноос хэрэгжиж эхэлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, 2023 оноос хэрэгжиж эхэлсэн Засгийн газар дахь хяналтын тухай хууль гэж тайлбарлалаа.
Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг хэлэлцэхийн өмнө 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт танилцуулсан. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн 150 төсөл, арга хэмжээнээс 72 нь буюу 48 хувь нь хэрэгжсэн. 56 нь хэрэгжиж байгаа, 22 нь эхлээгүй. Санхүүжилт шаардлагатай 88 төслөөс 47 нь огт шийдвэрлэгдээгүй, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай 98 төслөөс 32 нь хэрэгжиж эхлээгүй гэсэн дүнг Засгийн газарт танилцуулсан” гэлээ.
Хуулиараа төслүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийг Засгийн газар УИХ-д тайлагнах, танилцуулах үүрэгтэй. Хөтөлбөрүүдийн үр дүнгээ өгөөгүй байхад дараагийнх эхэлдэг байдал ч их бий гэж Н.Учрал сайд мэдэгдэв.



Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл