О.Цогтгэрэлийн “өршөөл” хэнд зориулагдсан вэ?

Монголын улстөрд өрнөж байгаа үйл явдлыг харж байхад улстөрчид яг ямар нийгэм байгуулах гэж байгаагаа ерөөсөө ойлгоогүй юм уу гэмээр санагдана. Уг нь анх 1990 онд зах зээлийн системтэй, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна л гэж байсан. Харин хэзээ энэ замаасаа гажаад, өөр тийш хадуураад явчихсаныг би мэдэхгүй.

Хүмүүнлэгийн үзэл санаа дэлхий ертөнцийн голлох үзэл болоод бас л чамгүй хугацаа өнгөрлөө. Монгол улс ч үүнд дуулгавартайгаар татагдан орсон.  “Хүмүүнлэг нийгэм” гэдэг уг нь хүн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, амьдрах нөхцөл боломжийг нь улам сайжруулах тогтолцоо. Энгийнээр хэлбэл, төрийн хийж буй аливаа бодлого иргэдийн амьдралыг дээрдүүлэх ёстой.

Гэтэл манайд бодлого, хууль журам боловсруулж буй намуудын логик үүнд огт нийцэхгүй байна. Хүмүүнлэг нийгэм байгуулах суурь зарчим дээр улстөрийн бүх л үзэл баримтлал тулгуурлах ёстой гэж бодогдоод байгаа юм. Гэтэл үгүй бололтой. Улстөрийн намууд, тэдний бодлого боловсруулагчид ард иргэдийг тамлан зовоох дуртай гаж донтоны араншингаар сүүлийн 30 жил хууль дүрэм боловсруулж соёрхон баталсаар, бид ч тэр хуулинд нь дасан зохицох гэж хичээн амьдарсаар ирлээ.

Сүүлийн үед дуншаад байгаа хоёр хуулийн төсөл иргэдийн дунд хэлэлцүүлэг үүсгээд байгаа талаар өгүүлэх гэсэн юм. Үүний нэг нь УИХ-д суудалтай АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн санаачилсан “Татварын өршөөлийн тухай хууль”.

Тэрбээр ийм хууль өргөн мэдүүлнэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахыг сонсоод хамгийн түрүүнд “Энэ өршөөлийн хууль яг хэнд зориулагдсан бэ” гэдэг асуулт толгойд эргэлдэж байлаа. Жирийн татвар төлөгч мянга мянган иргэний толгойд яг л минийх шиг бодол төрсөн нь эргэлзээгүй.

Хэдийгээр  тус хуулиар татварын дарамтанд орсон компаниудыг өршөөхдөө босго тогтооно гэж байгаа боловч итгэл төрөхгүй байгаа юм. Улстөрчид 2008 онд татварын өршөөлийн хууль батлахдаа, 2015 онд татварын ил тод байдлын тухай хууль гаргахдаа ихэвчлэн улстөр бизнес дамнасан бүлэглэлийг “өршөөчихсөн” түүхийг давтах гэж байна гэдэг хардлага надад төрсөн хэрэг л дээ. Улстөрчдийн ард түмэн, нийгмийн олонхийн нэрээр халхавчилсан нүүдэл бүрийг ард ямар нэг эрх ашиг байдгыг бүгд л мэддэг болсон.

Ингэж хардах үндэслэл ч бий. Одоогоос 17 жилийн өмнө баталсан татварын өршөөлийн хууль зургаан сарын настай байсан. Найман төрлийн татварыг хуулийн дагуу орлогоо мэдүүлбэл бүх эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага, татвар төлөлт, хүү алдангиас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжих хугацаанд нийт татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн ердөө долоохон хувь буюу 2200-аад аж ахуйн нэгж, 5000 мянган иргэн тус хуулийг ашигласан байдаг.

Гэтэл энэ долоон хувь татвар ногдох хувиа ил гаргасан дүн нь ойролцоогоор 4 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн улсын төсвийг хоёр цахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө гарч ирсэн байдаг. Улс хэрвээ энэ мөнгөнөөс татвараа авч байсан бол тухайн үеийн 372 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр татвар авах байж. Эндээс хэн тухайн өршөөлийн хуульд хамрагдсан бэ гэдгийг тэнэг хүн ч анзаарчихна. Төлөх ёстой татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн өрийг нэг удаа тэглэх санаа улс төр, бизнес, ард иргэдийн дунд маргаантай хэлэлцүүлэг өрнүүлдэг нь жам.

Ерөөсөө ордны “хов жив” бизнесийн эрх ашиг дээр явагддаг өнөөгийн улстөр гэж хошин шог цаашаа. Сайн талаас нь харах гээд үзвэл энэ бодлого богино хугацаанд аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгарсан хэцүү асуудлын цаана гарах гарц байж мэдэх л юм. Компаниудын санхүүгийн ачааллыг бууруулж, бизнесүүдийг дампуурлаас аварч, татвар төлөгч хэвээр нь үлдээж болох.

Гэхдээ дунд ба урт хугацаанд үүсэх төсвийн орлогын алдагдал, мөн татварын сахилга бат. Иргэдийн дунд шударга бусын мэдрэмж үүсч, төрд итгэх итгэл алдрах эрсдэлтэй. Үүнээс гадна орж ирэх ёстой байсан мөнгөн дүнгээр алдагдсан төсвийн цоорхойг хэрхэн нөхөх билээ гэдэг асуулт зайлшгүй урган гарна. Төр өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнесийн байгууллага биш учраас төсвийн алдагдлыг бусад татварыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, өр зээл нэмэх эсвэл инфляц өсгөх замаар нөхнө. Эдгээр шийдлүүд нь ард түмний нуруун дээрх ачааг л нэмнэ.

Татварын баазыг өргөтгөх нэрээр НӨАТ, ашигт малтмалын татвар, орон нутгийн татвар зэргээр л ноцолдох болов уу. Төсвийн зарлагыг танах, зарим төсөл, халамжийг танах нь нийгмийн маргаантай үр дагавартай. Зээл авах дотоодын үнэт цаас гаргах эсвэл гадаад зээлээр нөхөх. Эцсийн дүнд өр нэмэгдэж, эрсдэл ихсэнэ. Мөнгө хэвлэх замаар нөхөх нь хамгийн сөрөг үр дагавартай. Үүнээс болж иргэдийн худалдан авах чадвар буурна. Тэгэхээр О.Цогтгэрэлийн “өршөөл” хэнд хэрэгтэй нь ойлгомжтой юм даа.

Татварын өршөөлийн хууль гаргаж байсан дэлхийн улс орнуудын туршлага байна. Ер нь олигтой үр дүн алга. Татварын өршөөлийн хууль баталсны дараа үр дүн нь улсынх нь төсөвт харилцан адилгүй нөлөөлж байсан гэнэ. Аргентин, Пакистан зэрэг улсад төсвийн орлого нь огцом буурсан бол Италид татварын өршөөлийн хууль баталснаар нуугдмал хөрөнгө ил гарахад нөлөөлсөн ч урт хугацаандаа үр ашиг багатай байлаа. Ойр ойрхон татварын өршөөлийн хууль баталснаар татварын сахилга алдагдаж татвараа зориудаар нуух хандлага илэрсэн дам нөлөөлөл нь хамгийн хортой байжээ. Эдгээр баримтаас үзэхэд өршөөл бол шийдэл биш гэж харагдаад байгаа юм. Татварын ухаалаг, цэгцтэй бодлого, хэрэгжүүлэх төгс механизм, хяналт тогтолцоо чухал.

Монгол Улсын жижиг зах зээлийн хэмжээг харгалзан үзвэл татварын удирдлагыг сайжруулж ажиллах тийм ч давж туулахын аргагүй бэрх ажил биш санагдаад байгаа юм. Хяналт, хариуцлагыг чангатган татвар хураалтыг арга хэлбэрийг сайжруулах ёстой. Нэг үгээр хэлбэл төр оршихуйн баталгаа болсон татварыг төрд нь очдог байх хяналт, хариуцлага. Улсаасаа баян болчихсон татварын түшмэлүүдийн хэрэг нийгмийг цочроож эхэлсэн нь дээрх үгийг баталж байгаа юм.

За тэгээд О.Цогтгэрэлийн өршөөлийн хууль цоорхой гуталтай, ноорхой гэртэй улны иргэдийнхээ нуруун дээр ачааны хүндийг үүрүүлээд батлагдах л байх. Хэрвээ энэ хууль батлагдвал заавал онцгой нөхцөл (шүүхийн хариуцлага болон дахин ижил үйлдэл гаргасан тохиолдолд хатуу шийтгэл) тогтоох хэрэгтэй.

Татварын өршөөлд аль компанийг, ямар хэмжээгээр хамруулсан гэдгийг олон нийтэд ил тод зарлаарай даа. Тэгэхгүй бол цоорхой гуталтай ноорхой гэртэй улныхан чинь ууралчих гээд л байна шүү.

 

Т.Төмөр

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?

Ойрын өдрүүдэд эрх мэдэл, албан тушаалын “Ирүүл тулаан”-д Д.Амарбаясгаланг дуудаж “ялсан” Г.Занданшатар, түүний толгойлсон Засгийн …