Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d’Italia” төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна.
Энэ талаар Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр албан ёсоор мэдэгджээ.
Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад Италид ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.
Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртсэнээс гадна УДБЭТ-ын тайзнаа тоглосон “Травиата” дуурийн гол дүрийг амилуулж, тоглолтоо хийсэн юм.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл