Хэлэлцүүлэгт оролцогчид “Өв залгамжлал, олон улсын иргэний эрх зүй” сэдвийн хүрээнд илтгэл сонсож, санал солилцлоо

“Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.03.03/ үдээс хойш  “Өв залгамжлал, олон улсын иргэний эрх зүй”

сэдвийн хүрээнд үргэлжлэв. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор (Ph.D) Э.Байгал “Олон улсын хувийн эрх зүйн зохицуулалт ба олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулав.

Тэрбээр Монгол Улс социалист эрх зүйн тогтолцооноос зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж олон улсын хувийн эрх зүйн харилцаанд бид бүхэн бие даан оролцох боломжтой болсныг илтгэлийнхээ эхэнд тодотгосон. Үүнтэй холбоотойгоор олон улсын бизнесийн, гадаадын иргэдтэй холбоотой гэр бүлийн, хөрөнгө оруулалтын гэх мэт эрх зүйн харилцаа хөгжиж, эрх зүйн харилцаа хөгжихийн хэрээр зохицуулалтууд мөн шаардлагатай болж эхэлсэн хэмээсэн. Сүүлийн жилүүдэд гадаад улсын шүүх, олон улсын арбитруудад хэлэлцэгдэж байгаа Монгол Улсын Засгийн газар, иргэн, хуулийн этгээдүүдтэй холбоотой хэргүүдийн тоо нэмэгдэж байгааг тэрбээр дурдаад, энэ бүхэн дээр үндэслээд олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтыг системтэй шинэчлэх шаардлага үүссэн гэж дүгнэж байгаагаа илэрхийллээ.

Монголын олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлыг үнэлж, олон улсын чиг хандлагатай харьцуулан дүгнэх судалгааг хийсэн хэмээн илтгэлдээ онцолсон.

1926 оны Иргэний байцаан шийтгэх тухай хуульд анх удаа гадаадын иргэнтэй гэр бүл болохтой холбоотой нэг зохицуулалтыг тусгасан бол 1964 оны Иргэний хуулиар анхны системчилсэн зохицуулалтыг хийж, 1994 оны Иргэний хуулиар зах зээлийн эдийн засагт нийцүүлсэн шинэчлэлийг тусган, 2002 онд баталсан одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Иргэний хуульд ерөнхий ба тусгай ангийн зохицуулалтыг илүү дэлгэрэнгүй тусгажээ.

Дэд профессор Э.Байгал өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн Ерөнхий ангийн зохицуулалт дутмаг, олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтын хамрах хүрээ тодорхойгүй, “шаардлагатай тохиолдолд” гэх ойлгомжгүй томъёолол байгааг тодотгоод, Ерөнхий ангийн зохицуулалтын сул талыг тодруулан тайлбарлахдаа зөрчилдөөний механизм “унтаа” байдалд орсон хэмээн онцолсон юм.

Тэрбээр хууль дахь Тусгай ангийн асуудлууд, гэрээний ба гэрээний бус үүрэг, өв залгамжлалын зөрчилдөөний эрх зүй, олон улсын чиг хандлагын талаар илтгэлдээ өгүүлээд, Монгол Улсын олон улсын хувийн эрх зүйн Ерөнхий ангийн зохицуулалт сул, зөрчилдөөний хэм хэмжээ практикт идэвхгүй, нийгмийн харилцаа, технологид суурилсан хөгжлийн чиг хандлагаас хоцрох хандлагатай хэмээн дүгнэж буйгаа танилцуулсан юм.

Эцэст нь олон улсын хувийн эрх зүйн зохицуулалтын тусгайлсан хууль боловсруулах, дижитал орчинд хэрэглэж болох зохицуулалт бий болгох, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллах, шүүх, төрийн албан хаагчдыг олон улсын байгууллагад дадлага, судалгааны ажилтнаар ажиллуулж, олон улсын хувийн эрх зүйн хэрэглээ, чиг хандлагыг нутагшуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв.

Дараа нь “Монгол Улсын Иргэний хууль дахь өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага” сэдвээр Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, (Ph.D) Б.Улаанбаатар илтгэл танилцуулав.

Өв залгамжлах харилцааны эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг задлан шинжилж, өмнөд, хойд хөрш болон Европын гэрээслэлээр өвлөх эрхийн зохицуулалттай харьцуулан, тулгамдсан асуудлыг тогтоож, боловсронгуй болгох арга замыг судалгаандаа эрэлхийлсэн гэдгийг тэрбээр тодотгосон.

Монгол үндэсний уламжлал, соёл, эрх зүйн ухамсар зэрэг холбогдох хүчин зүйлд нийцэж буй эсэхийг шалгуур болгон манай улсад хуульчлагдаагүй өвлүүлэхээр бэлэглэх, өвийн гэрээний талаарх шинэлэг харилцааг бий болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохыг зорин, дүгнэлт хийжээ.

Дэд профессор Б.Улаанбаатар, Эх газрын эрх зүйн бүлийн орнуудад олон арван жилийн турш түгээмэл хэрэглэгдэн, ач холбогдолтой болох нь нотлогдсон бөгөөд манай улсын үндэсний уламжлалт ёсонд нийцэхүйц хэм хэмжээг түүвэрлэн авч, салбарын хуулиуд болон хэм хэмжээний акт, практиктай хэрхэн уялдахыг иргэний эрх зүйн онолын үүднээс цаашид нарийвчлан судлах шаардлагатай хэмээгээд, гэрээслэлээр өвлүүлэх эрхийн үндсэн асуудлын талаарх шинэ зохицуулалтыг иргэний болон нотариат, холбогдох бусад хууль, нотариатын үйлдэл хийх зааварт тусгах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Орчин үеийн техник, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан өмчийн харилцаа нарийн түвэгтэй болохын хэрээр өмчийн төрөл, хэлбэр холилдох явцад үүссэн өмчлөлийн зүйлс болон эд хөрөнгийн нэгдлийг өвлүүлэх тохиолдолд тогтсон загвар бүхий гэрээслэлийн маягтыг бөглөхийг гэрээслэгчээс шаарддаг өнөөгийн тогтолцоо нь тохиромжгүй тул гэрээслэл болон өв, бэлэглэлийн гэрээний тусламжтай хөрөнгө өвлүүлэх сонирхол нэмэгдэхээс өмнө урьтаж өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь чухал хэмээн онцолсон.

Түүнчлэн гэрээслэлд тавигдах хэлбэр, агуулгын шаардлага, нотариатиар гэрчлэхэд хэрэглэх хууль, иргэний ба нотариатын хуулийн хэм хэмжээний зөрчил, нотариат байхгүй газарт баг, сумын засаг дарга болон хуульд заасан бусад субьект гэрээслэлийг гэрчлэх боломж, нөхцөл зэрэг асуудлыг цаашид цогцоор нь нарийвчлан судлах шаардлагатай гэж байлаа.

Өв залгамжлалын талаарх хуулийн зохицуулалтад дорвитой өөрчлөлт ороогүй шалтгаан нь өв залгамжлалын эрх зүйн асуудлаар шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа хангалттай хийгдээгүйтэй холбоотойг тэрбээр илтгэлдээ дурдаад, өвлөх, өвлүүлэх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон “үндсэн” эрх болохын хувьд эрх зүйн зохицуулалтыг цаашид улам нарийвчлан боловсронгуй болгох шаардлагын үүднээс “Өв залгамжлах эрхийн тухай” тусгайлсан хуультай болох хэрэгцээ шаардлага бий эсэхийг үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асууж, мөн байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлэг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг” сэдвээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно

​ Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон …