Ираны эсрэг явуулсан “Баатарлаг хилэн” (Epic Fury) цэргийн ажиллагаа дуусаж, одоо АНУ-ын цэргүүд Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах “хамгаалалтын” ажиллагаанд оролцож байгаа тухай Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ.
М.Рубио мэдэгдэхдээ, Хэрэв тэд манай хүчинд аюул учруулбал бид аюулгүй байдлаа хамгаалахын тулд нисгэгчгүй онгоцнуудыг нь харван унагаж, пуужингуудыг нь амдан сөнөөнө. Тэд бидэн рүү түрүүлж гал нээхгүй л бол бид довтлохгүй. Гэхдээ хэрэв тэд бидэн рүү дайрвал… хариуг барих л болно” гэлээ.
Тэрбээр “Баатарлаг хилэн” ажиллагаа дууссаныг албан ёсоор зарлаад, “Бид энэхүү ажиллагааны зорилгодоо хүрсэн. Энэ бол Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийг сэргээх эхний алхам юм. Бид үүнийг бусад орнууд хүссэн учраас биш, зөвхөн бид л үүнийг хийж чадах учраас хийж байна” гэжээ.
М.Рубио мөн АНУ тус усан зам дахь “далайн тээврийн эрх чөлөөг хамгаалах”-д чиглэсэн тогтоолын шинэ төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барина гэдгийг мэдэгджээ.
Тогтоолын төсөлд Иранаас халдлага үйлдэх, минажуулах, дамжин өнгөрөх хураамж авах зэргээ зогсоохыг шаардсан байна. Мөн “далайд байрлуулсан минануудын тоо болон байршлын талаарх мэдээллийг ил болгох, аюулгүй болгох ажиллагаанд хамтран ажиллах, түүнчлэн хүмүүнлэгийн коридор байгуулахыг дэмжихийг Иранаас шаардаж байна” гэж М.Рубиогийн мэдэгдэлд дурдсан байна.
Уг тогтоолын төслийг Бахрейн, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Катар зэрэг улсууд хамтран боловсруулсан бөгөөд “ойрын өдрүүдэд” санал хураалтад оруулах төлөвтэй байна. Өнгөрсөн сард АНУ үүнтэй төстэй тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барьсан боловч БНХАУ болон ОХУ хориг тавьсан юм.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл