
Бидний хайрт хүү, ах, ачлалт аав, халамжит хань, анд нөхөр Энхболдын Санаа 2026 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Э.Санаа нь 1990 оны 10 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Н.Энхболд, Ж.Алтанчимэг хоёрын ууган хүү болж мэндлэн ээж, аавдаа хэмжээлшгүй их аз жаргалыг авч ирсэн билээ.
Тэрбээр Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Г.Бумцэндийн нэрэмжит 1-р сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, Орчлон олон улсын дунд сургуульд тус тус суралцаж, Орчлон олон улсын дунд сургуулийг амжилттай төгссөн. Улмаар мэдлэгээ гүнзгийрүүлэн Канад улсын Саскачеваны Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд суралцаж хөдөө аж ахуйн мэргэжил эзэмшсэн.
Хөдөлмөрийн замналаа тэрбээр хувийн бизнесээр эхлүүлж улмаар 2016 оноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын газар тариалангийн Номунхан ХХК-ийн захирлын албыг өнөөг хүртэл чадварлаг, шударгаар хашиж, хамт олноо манлайлан эх орны хүнсний хангамжийг тогтвортой нэмэгдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.
Бидний хайрт хүн Э.Санаа нь хүүхэд ахуй наснаасаа л туйлын хэрсүү ухаалаг, санаж сэдсэн зүйлийнхээ учир утгыг олж хэрэгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээн ажиллаж зорьсон үйлсээ бүтээдэг нэгэн байлаа. Тэрээр үе тэнгийн найз нөхдийнхөө хайр хүндэтгэлийг хүлээж тэднийхээ зорьсон үйлс, хийж бүтээх ажлыг ямагт манлайлж, түүчээлж явдаг нэгэн байлаа.
Түүний бас нэг онцлог зан чанар нь шударга, хариуцлагатай хэдий ч энэрэнгүй, эв эеийг хичээж, ухааныг баримталж ажиллан хамт олон, найз нөхөд, гэр бүл, ахан дүүсийнхээ хүндэтгэл талархлыг хүлээж ирсэн билээ.
Бидний хайрт хүү, хань, анд найз маань ид хийж бүтээдэг цэл залуу насандаа хүнд өвчний улмаас биднээсээ салан одож нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Түүний бидний сэтгэлд гүн үлдээсэн эелдэг даруу, ухаалаг, шийдэмгий, нөхөрсөг, хамт олонч, гэр бүлсэг зан чанарыг үүрд сэтгэл зүрхэндээ хадгалж хамгийн гэгээн үйлсийг нь үргэлжлүүлэх болно.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл