Монгол брэнд үйлдвэрлэгчдийн холбоо дэлхийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны 101 дэх гишүүн байгууллагаар элслээ. Ингэснээр тус холбооны гишүүн улс орнууд өөрийн бүс нутгийн онцлогийг илэрхийлсэн үндэсний брэндийг хөгжүүлэх чиглэлээр бүхий л төрлийн цогц арга хэмжээг Лондон төвтэй дэлхийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос манай улсад хэрэгжүүлэх бололцоо бүрдэж байгаа юм.
Дэлхийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь гишүүн байгууллагуудруу хандсан хөгжлийн болон бизнесийн олон хөтөлбөрүүдийг үе шат дараатайгаар хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, Сургалт судлагаа явуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, инновацийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ салбарт шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, гадны хөрөнгө оруулалтыг эл салбарт татах боломжийг бий болгодог.
Мөн үндэсний брэндийг хөгжүүлэх чиглэлээр дэлхийн хэмжээний экспертуудээс бүрдсэн баг манай улсад ирж ажиллан, орчны шинжилгээ хийж, улмаар монгол брэндийг дэлхийд таниулах гарцыг нээхэд туслалцаа үзүүлэх боломж нээгдэж байна.
Энэ бүхнийг эцэст нь монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, хүлээн зөвшөөрүүлэхэд бид нэг алхамаар урагшилсан хэрэг боллоо гэж ойлгож болно.
А.Галт