Монгол эрийн гүндүүгүй, жудагтай, ноён нуруутай зан чанар хаачив. Улс эх оронд эдийн засгийн хямрал нүүрлэж байгаатай зэрэгцэн монгол эрчүүдэд “эр хүний жудаггүйдэл” нүүрлэжээ. Уг нь халхын сайхан эрчүүд хэлсэндээ хүрдэг, эмс охид шиг элдэв хэл ам, жов живэнд орооцолддоггүй, гэр бүл, хань ижил, үр хүүхэдээ тулх түшигтэй, гэр зуурын хэрүүл маргаанаас хол, үг цөөн, үйл өргөн, хайр нь дотро хал нь гаднаа гээд л олон сайхан шинжүүд бүрдсэн байдаг гэдэгсэн. Харин одоо муу бүхэнд л эрчүүд орооцолддог болжээ.
“Муу эр эмийн ноён, мохоо хутга гарын ноён” гэж монголчууд хэлсэн санамсаргүй хэлсэн үг биш. Аминдаа арчаагүй, аймхай хулчгар, эрчүүдийн маргаан зодооноос дөлдөг, баргил хоолойтой эрийн бүдүүхэн дуунаас айж эмээдэг эр хүний “оромцогууд” өрх гэртээ “дарангуйлагч”-ийн авир гаргаж, эхнэр хүүхэдээ зоддог гэдгийг сэтгэл зүйчид хэдийнэ тогтоосон байдаг.
Хүний амьдрал болсон хойно гэр бүл дотор эрээн бараан, гэрэл гэгээ сүлэлдэх нь байх хэрэг. Гэлээ гэхдээ эхнэртээ гар хүрнэ гэж юу гэсэн үг вэ, эрчүүд минь уур нь чинь хүрээд, уушиг чинь сагсалзаад байвал зүгээр л гараад явчих, гэрийн гадуурх ажлаа амжуулчих. Тэгээд уураа гарахаар сайн бод. Дараа нь эхнэртэйгээ ярилц.
Бусдын охин үрийг залуу насанд нь жаргаана, амьдарна гэж авч суучихаад эр хүн болгонтой хий хардан, зодож, нүдэн амь насанд нь хүрнэ гэдэг бол уучилж болшгүй хэрэг. Харамсалтай нь иргэдийг цочирдуулсан ийм хэрэг манай улсад хэдэн удаа давтагдлаа. Таны эхнэр таны гэргий болохоос биш, таны өмчинд байдаг эдлэл хэрэглэл огт биш. Та амьгүй эдлэл хэрэглэлээ эвдэнэ үү, хаяна уу, урна уу, таслана уу таны хэрэг биз. Харин таны эхнэр бол таны өмч хөрөнгө биш. Тэр хүн л юм болохоор бусадтай ярилцах, инээж хөгжилдөх, хааяадаа найзуудтайгаа гадуур “суух” эрхтэй. Үүнийг ойлгох ухаангүй эрчүүд олон болоо юу даа.
Хэтэрхий их хардалд бол сэтгэцийн өвчин гэдэг. Их харддаг хүн өөрөө “но”-той ч гэдэг. Учир нь бусдыг өөртэйгөө адилтган төсөөлдөг аж. Тэдний ургуулан бодох төсөөлөл асар өндөр хөгжсөн байдаг гэнэ. Хэрвээ та эхнэрээ бусадтай ярилцахад нь, утсаар ярихад нь, хүнтэй үг солиход нь хардаж, уур чинь хүрээд байгаа бол яг одоо шинэ дэвтэр нээгээд юм уу, компьютераа асаагаад зохиол бич. Магадгүй таны ургуулан бодох төсөөлөл чинь таныг алдартай “эротик” зохиолч болгож мэдэх юм.
Энэ өвчин эдгэхэд хэцүү байдаг гэнэ. Хий хардаж, хэрүүл зодоон үүсгэсний дараа хардагч этгээд бүх бурууг өөртөө хүлээж, дахиж ингэхгүй гэдгээ амладаг боловч ихэнхдээ энэ нь худал амлалт байдаг.
Огцом уур, ямаан омог, хий хардалт эрдэнэт хүний амийг авч одох хэмжээнд хүрч байгаа нь юуны учир вэ? Хэдхэн хоногийн өмнө 21 настай найз охиноо гэртээ 2 хоног түгжиж зодсоор байгаад амь насыг нь егүүтгэсэн Алтанхүү гэгч эр хүний сүгийн нэрийг мартаж амжаагүй бахад дахин эхнэрээ зодож амь насыг нь хохироосон хэрэг сөхөгдөж олны сонорт хүрлээ.
Булган аймгийн Бугат сумын харьяат Б.Эрдэнэбаатар гэгч энэ этгээд 3 хүүхдийг нь төрүүлсэн эхнэрээ 2-3 цаг тасралтгүй зодож амь насыг нь хохироожээ. Тэрбээр үргэлж л эхнэрээ зодож, хардаж, хажуугаар нь өнгөрсөн эр болгонтой сүүлэрлээ хэмээн тамладаг нэгэн байжээ. Б.Эрдэнэбаатар гэгч энэ эр: “Нэг сэрсэн чинь эхнэр нөгөө талын орон дээр унтаж байсан. Яагаад унтаад байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд түлхэхээр нь уур хүрээд гарт тааралдсан эмээлийн даруулга, жирэм тааралдсан. Тэрүүгээр цохиод авсан. Нэг сэхээ авахад эхнэр “Намайг битгий зод л доо” гээд хөлнөөс зуураад гуйж байсан. Түүнийг гуйж байхад нь би зодоод л байсан” хэмээн цагдаагийнханд мэдүүлэг өгсөн байна.
Араатан хүртэл өөр хоорондоо тулалдаад, хүчин мөхөстөж, амь тавин орилох нэгнийгээ алалгүй орхидог байтал ухаант хүн атлаа, төрсөн гурван хүүхдүүдийн нь эх, өөрийн эхнэр нь амь гуйж байхад уур хүрээд зодсоор байсан хэмээн хариулсан энэ залуугийн сэтгэхүй уур омог, хардалтаар дүүрчээ. Яасан их уур, ямар их омог вэ? Түүний энэ уур омог эхнэрийнээ амийг егүүтгэж, 3 хүүхдээ өнчрүүлж, өөрөө шоронгийн хадаас болгосноор төгссөл болжээ. Тэдний хүүхдүүд 10,6,4 настай бөгөөд хамгийн бага нь “Аав ээжийг зодоод эмнэлэгт байгаа. Удахгүй гарна” хэмээн өдөржин шөнөжин хүлээж, ээжийгээ санагалзахдаа эмээгийнхээ мөөмийг үлгэж тайвширч байгаа элэг эмтрэм дүр зураг үргэлжилсээр байгаа гэнэ.
Хардалт хэмээх сэтгэцийн өвчний даамжирал нь ийм л үр дүнд хүргэхийг эрчүүд маань анхаарна бизээ.
Эрчүүд минь уур омог, хоосон хардалтаас хол байж ухаантайхан, эр хүний намба жудагтайхан амьдарцгаая.
А.Галт