Оны 10 супер онцлох /фальетон/

2013 он улиран одож, 2014 оны босгон дээр тулж ирлээ. Байгууллага бүр хуучин оныхоо алдааг оноог дэнслэн байх энэ цаг үед хэвлэлүүдээр “оны онцлох” үйл явдлуудыг ээлж дараалан  нэрлэж эхлээд байна.  Бид ч бас юу дутах вэ гээд  2013 оны  10 “супер” үйл явдлыг нэрлэхээр шийдлээ.

d91040b4e541283bgreat

1.  Оны “төөрөхүй” – Төөрөхүй  нь их болон янз. Ганцаардал дунд төөрөхүй, ой модон дунд төөрөхүй, байшин дундуур төөрөхүй, дэлгүүрт ороод авахыг хүссэж буй зүйл дундаа  төөрөхүй…. Хайран дунд төөрөхүй, хагацал дунд ч төөрөхүй, халуухан нөхөрлөл дунд төөрөхүй гээд олныг дурьдаж болно. Ухаан нь би гэдэг хүн заримдаа  фэйсвүүк дотор ороод төөрчихөөд байгаа. Төөрсөн хүн замаа олох нь чухал. Замаа олж чадахгүй болж жинхэнэ төөрөхүй болно. Манай Ерөнхий сайд болохоор уулан дунд төөрчихөж байгаа юм. Гэхдээ ганцаараа биш 70-уулаа, энэ 70 төөрөгчийн нэг ч нь  буцах замаа олоогүй гэж байгаа /эсвэл буцах замаа мэдэж байсан ч ерөнхий сайдтай хамт төөрөх нь нэр төрийн хэрэг гэж бодоод хэлээгүй байж мэднэ/.  Юу болсон вэ гэвэл Бурхан халдуны оргилд гарч ард түмнээ  тэнгэр шүтээнд даатгахаар  хиа түшмэдүүдээ ханаруулхан дагуулсаар явсан Ерөнхий сайдыг маань өвгөдийн шүтээн хайрхан  таалсангүй бололтой, оргилд гаралгүй буцах замдаа төөрч олныг сандаргав. Онцгой байдалынхан  тэр чигээрээ хөдлөж, нисдэг тэрэг хөлөглөн байж, өлсөж ундаасахын эрхэнд “туулай ч болов алж идэх”-ийг хүсэж байсан, хацраа хөлдөөсөн    Ерөнхий сайдыг “хөлдүү” 70 дагуулуудынх нь хамтаар аварсан үйл явдал болсон. Зарим хүмүүс ерөөс Ерөнхий сайд  Бурхан халдунд ард түмнээ даатгана гэдэг угаасаа төөрсөн хүний үйлдэл гэж үзэх хүмүүс бас байна. Ямартай ч өнгөрсөн оны  дээрх үйл явдлыг оны “төөрөхүй” хэмээн онцлож байна.

 

89dc4d1e9f04300boriginal2.Оны  “зарлиг” – Гуравдахыг баривчлах үйл явдлаас эхлээд тэрээр эргэн  монголын ард түмний анхааралд шилжсэн. Ноднингийн баривчилгаа, өлсгөлөн, алдарт  шүүх хурал, эцэст нь ялын тогтоол. Гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401-р ангид хоригдон улмаар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Монгол улсын гуравдах Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өршөөлийн зарлиг гаргаж уучлал үзүүлэн суллуулав. Шударга ёс, авлигын эсрэг тууштай тэмцэгч Ерөнхийлөгч нь өмнөх ерөнхийлөгчөө ийнхүү суллав. Жил хагас гаруй  шорон орноор дамжсан  гуравдах  маань ийнхүү суллагдаж, удсан ч үгүй  биеэ эмчлүүлэхээр гадаадыг зорив. Бодоод байхнээ эцсийн эцэст  гуравдах маань хожигдов уу, хожив уу.  Парламентэд 10 гаруй суудалтай улс төрийн намын дарга хэвээр байгаа тэрээр өдгөө ч алсын зайнаас  монголын улс төрд оролцсон хэвээр байна гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Гуравдахыг сулласан дөрөвдөхийн зарлигыг “оны онцлох зарлиг” хэмээн нэрийдье.

 

 

581656_574109349276877_716366513_n

3. Оны үрэлгэн зардал – Шинэчлэлийн Засгийн газрын анхны баяр наадам нижгэр болсоон. Хүй  долоон нутагт 40 гаруй тэрбумаар хийгдсэн зам, машины зогсоол, худалдааны гэрүүдийн буурь, 00, хогийн  сав энэ тэрд л дээрх зардал зарцуулагдаж байгаа юм. Мөн наадмын нээлт  хаалт, соёлын арга хэмжээнд  урд жилүүдийнхээс чамгүй их хөрөнгө заржээ. Эрх баригчид их хэмжээний зардал гаргаагүй гэж хэлэх ч бүтээн байгуулалтын зардалтайгаа нийлээд Монголчууд бид баяр ёслол тэмдэглэхдээ  өмнө нь  хэзээ ч  гаргаж байгаагүй их зардлаар наадмын 3 хоног  “баярлацгаасан”. Энэ үйл явдлыг оны  “онцлох үрэлгэн зардал” хэмээн нэрлэж байна.

 

uneg111

4. Оны мэдэн будилалт – Ахиад л ерөнхий сайдын үйлдэл  оны онцлоход хүч  түрэн ороод ирж байгаа юм. Цагаан дээр хараар тодорхой биччихсэн хуулийн заалтыг мань эр илт зөрчөөд байгаа нь гайхалтай. Тэрээр 80 сая төгрөгөөс дээш  бараа, ажил үйлчилгээнд тендер зарлах ёстой хуулийн заалтыг шууд зөрчиж “Бумбардай” хэмээх хүүхдийн комикс ном бүтээх болон “Боловсрол ”ТВ-ийн  хүүхдийн сургалтын хөтөлбөрт зориулан 548.7 сая төгрөгийг тендергүйгээр  шилжүүлсэн байдаг. Энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултанд тэрээр “Би тендер мэндэр мэдэхгүй, за тэр ч яах вэ” гэж хариулжээ. Түүний энэ үгийг оны “мэдэн будилалт”-аар онцлож байна.

 

2013-11-16tomtur_big

5. Оны “илтгэл” –  мэдээжийн хэрэг Монгол улсын Ерөнхийлөгч буюу Ерөнхий илтгэгчийг гүйцэж өмнө нь гишгэх хэн байх билээ. Гэхдээ түүний хамгийн урт, хамгийн богино  2   илтгэл оны онцлоход багтах гээд зэрэгцээд хэцүү байлаа. Эхнийх нь мэдээжийн хэрэг манай хүн “ухаан муутай төрөөс, ухаалаг төрд шилжүүлэх” асуудлыг анх олж хараад, түүнийг  шийдвэрлэхээр олныг сэнхрүүлэхээр 2 цаг гаруй  илтгэсэн илтгэл. Нөгөөх нь хамаг юм хориотой  улсад очоод оюутнуудтай нь уулзахдаа 20 хүрэхгүй минутын лекцэндээ  хүний эрх, ардчилалын тухай пал хийтэл нь хэлчихсэн илтгэл. Нэлээд шүүн тунгааж байж “Том төрөөс ухаалаг төр рүү”  Үндэсний зөвлөлдөх уулзалтанд Ерөнхийлөгчийн хэлсэн  “… төрд яагаад итгэхгүй байна гээд асуухаар “Хэлсэндээ хүрэхгүй байна. Цэгцгүй байна. Гаргаж байгаа шийдвэрүүд нь савлагаатай байна” гэсэн үг ерөөс Монголын төр засгийнханд хамааралтай гэдэг утгаар нь оны илтгэлд дээрх илтгэлийг багтааж байна.

 

c023be926e30be58great

6.Оны хэлц үг – За уучлаарай, Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн үгийг гүйцэх хэлц үг байхгүй болохоор яалтчгүй дахин оруулахаас өөр аргагүй боллоо. Угаасаа Ерөнхий сайд хүн олны өмнө гарч төрийн бодлогыг хэрэгжүүлдэг “ганц, чухал мест” гэдгээрээ оны онцлоход байн байн хүч түрээд орж ирээд байна. Түүнээс биш бид түүний сайн мууг үзэх гээд хүчээр оруулаад байгаа хэрэг бол биш  шүү. Тэрээр нэг удаа  мэдээлэл хийж байхдаа  “Уг нь манай яам агентлагууд  тус тусдаа веб сайттай л даа. Гэтэл тийшээ нэвтэрч орох нэрүүд нь дандаа гадаад. Үүнийг нь Монгол хүн ойлгохгүй л дээ, тиймээс  нэгтгээд www.zasag.mn сайт болгочихлоо…”  гэсэн үг анхаарал татаад байна.  Мөн тэрээр УИХ-ын байнгын хорооны хурал АН-ын бүлгийн гишүүдэд   хандан  “Та нар яасан их хууль  мөрддөг юм, аан? Би хууль хулгайлдаггүй. Би тэр хуулийг чинь мэдэх ч үгүй” гэжээ. Түүний алдартай хэлц үгнүүдийн нэг бол “Будааны үнэ өндөр байгаа бол гурилаа идчих хэрэгтэй ш дээ, “өндөг бол тансаг хэрэглээ” гэсэн хэлц үгнүүд бас өрсөлдөөд байна. Энэ бүгдээс бид уралдууулан байж 200 төгрөг байсан өндөг Ерөнхий сайдыг алдарт “өндөг бол тансаг хэрэглээ” гэдэг үгээ хэлснээс хойш  үнэ нь өсөж 500 төгрөг болсон тул энэ үгийг оны хэлц үг болгож байна. Энэ зүг нэгэнт оны онцлох хэлц үг болсон тул түүнд та гэсэн  үг орлуулаад хэлээд байж болно ш дээ. мах худалдаж авья гэсэн эхнэртээ “Мах бол тансаг хэрэглээ” гэж хэлдэг ч юм уу.

 

1503990_617022858365395_512456643_n-620x403

7.  Оны баярхал – “Баян хүн лаагаа иднэ  үү, луувангаа иднэ үү” маньд ямар хамаа байх вэ, гэхдээ төрийн сайд хүн хэт баярхахыг хараад  миний татварын мөнгө биш биз гэсэн хардалт төрж, уур хүрээд байна. Монгол улсын Эдийн засаг хөгжлийн сайд нь улсаа хөгжүүлэхээсээ өмнө өөрөө “хөгжсөн” нэгэн бололтой. Тэрээр  шинэ жилийн дуугаараа дэлхийд алдартай АВВА хамтлагийн албан ёсны төлөөлөх эрхтэй дуураймал хамтлагийг, өөрийг нь гишүүн болгосон Архангай аймгийнхаа шинэ жилийн арга хэмжээнд урьж оролцуулсан гэнэ. Зарим нь  дээрх шинэ жилийн арга хэмжээний 200 сая төгрөгийн зардлыг Фортуун сайд дангаараа даасан  нүнжигтэй хүн гэж хэлж байхад нөгөө хэсэг нь АВВА хамтлагийнхан Тэнгэр шүтлэгтэй тул Фортуун сайдад ирээдүйгээ даалгасан учраас түүний аймгийн арга хэмжээнд үнэгүй ирж дуулсан юм гэх яриа  ч бас чих дэлслээ. Ямартай ч оны баярхалт хүнээр Фортуун сайдыг онцлон  өргөмжилж байна.

 

ff795f87f1e93194great

8. Оны хэтэрхий  шударга явдал –Социализмын үед  нам засагт үнэнч гэдгээ харуулахын тулд төрүүлсэн эцэг эхээ баривчилж, төрсөн ах дүүгээ буудан алж байсан  дотоод яамны ажилтан буюу “ногоон малгайтны” жишээ олон байсан гэдэг. Тэгвэл ардчилсан өнөө цагт  төрсөн ахдаа хариуцлага тооцуулахыг байгууллагынх нь даргад нь албан бичгээр хүсээд, үүнийгээ   шударга ариун  явдлын төлөө хийж байгаа, хийх ёстой үйлдэл  гэж үзсэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Занданг оны хэтэрхий шударга явдалтан гэж онцолж байна.  Түүний хэлсэн  “Би ахдаа хайртай, гэхдээ шударга ёс эрх чөлөөнд илүү хайртай” гэсэн алдарт афоризм өдгөө шинэхэн моодонд ороод байна. Ж.Бат-Зандан гишүүнийг гүйцэх ийм хэтэрхий шударга үйлстэн Чингис хааны үеэс хойш Монгол төрд төрөөгүй, энэ бол сайн цагийн эхлэл, нэр шигээ баттай шударга  хүү байна гэж  гэж баярлах хүмүүс  цөөнгүй байна.

 sdsfsdfrererwwq

9.Оны төөрөлдснийг учруулагч – ШӨХТГ-ын дарга О.Магнай зөвхөн шалгаж, хянаж, торгож, хуулийг хэрэгжүүлэхээс гадна  “мэргэжлийн хүний ажигч гярхай нүд”-ээрээ олон жилийн өмнө төөрөлдсөн  эгч дүүсийг уулзуулжээ. Тэрээр Номин дэлгүүрийн захиралтай уулзаж байхдаа тэнд харсан эмэгтэйг түүнтэй адил өөр эмэгтэйгээ адилхан болохыг анзаарч удаа дараа асууж, шалгаасны эцэст олон жилийн өмнө төөрөлдсөн эгч дүүс болохыг нь хөтөлбөргүй тогтоожээ. Ийнхүү О.Магнай дарга оны төөрөлдснийг учруулагчаар тодорлоо. Одоо ах дүүгээсээ багаасаа төөрөлдсөн олон хүмүүс О.Магнай таргыг зорьж,  төрөлдсөн ах дүүсээ тахиулахаар оочер дугаар үүсгэж байгаа сурагтай.

 

45b83893455253b6great

10. Оны онцгой шийдвэр – Хүн бүр УИХ-ын гишүүн болох гэж тэмцэж, болсон нэг нь албан тушаалдаа 4 жил шигддэг байтал Засгийн эрх барьж байгаа АН-ын гишүүн Р.Амаржаргал гэнэтхэн УИХ-ын гишүүнийнээсээ татгалзах хүслтээ гаргаж намынхныы багагүй сандраагаад авав. УИХ-ын  гишүүдийн  нам, хувийн эрх  ашгийн төлөөх увайгүй үйлдлүүд, төрийн арчаагүйбодлого  түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ. Харамсалтай нь түүний  энэ шийдвэрийг АН-ын журмын нөхөд нь хүлээж авалгүй “хүчээр” УИХ-д үлдээлээ.  Зарим хүмүүс энэ үйлдлийг УИХ хүнийг албадан ажиллуулж байна гэж хэлэх юм билээ. Ямартай Засаг барьж байгаа АН-ын кадруудын нэг ийнхүү УИХ-ын гишүүнээс татгалзах хсүэлт гаргасан нь оны онцгой шийдвэр байж чадлаа.

Ц.Мөнх

index

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …