МАН-д шинэчлэл хэрэгтэй байгааг дээр дооргүй ярих болсон. Өнгөрсөн намар тус намын хурал болж МАН-ын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдсөн. Өдгөө намын дэргэдэх бүх шатны байгууллагуудад өөрчлөлтийн салхи оруулах аян эхлэжээ. МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ийн ерөнхийлөгч Д.Оюунгэрэл өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болжээ. Үүнтэй холбогдуулан НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгч хэн болох бол гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Энэ өрсөлдөөнд МАН-ын эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн засаг даргын орлогч асан Ц.Цогцолмаа, “Бишрэлт” компанийн захирал Б.Ундармаа нар оролцохоор болжээ. Тэгвэл эдгээр бүсгүйчүүдийн хэн нь хэн вэ, хэн нь МАН-ын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлээд аваад явар чадвартай гэдэг асуудал анхаарал сонирхолтой юм.
Д.Сарангэрэл – 1982 онд гэрэл зургийн газраас ажил амьдралынхаа гарааг эхлэсэн тэрээр телевизийн салбарт 1990 оноос 2005 он хүртэл тасралтгүй 15 жил ажиллажээ. Түүнийг улс төрч гэхээс илүүтэй сэтгүүлч, TV5 телевизийн захирал гэдгээр нь хүмүүс сайн таньдаг. МАН-д элсээд 4 жил болж байгаа хэдий ч түүнээс олон жил энэ намын төлөө далд фронтод ажилласан гэдэг. Телевизд ажиллаж байхдаа нийгэм улс төрийн олон сайхан нэвтрүүлгийг үзэгчидэд хүргэж байсан, МАН-ы сайн кадруудын нэг тэрээр өдгөө УИХ-д намын жагсаалтаар дэвшин орж УИХ-ын гишүүн сонгогдон ажиллаж байна. Түүний хувьд НАЭМХ-ны ерөнхийлөгийн ажлаас илүүтэй УИХ-ын гишүүний ажилдаа анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй гэж үзэх хүмүүс олон байна.
Ц.Цогзолмаа – “Жирийн байлдагчаас генерал хүрсэн түүх” гэдэг шиг хүүхдийн зуслангийн багшаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн Ц.Цогзолмаа МАН-ын хувьд “тугалыг нь ч хариулж, тугийг нь ч барьж ” явж ирсэн хүмүүсийн нэг. Тэрээр Хүүхдийн байгууллагын даргаас эхлэн дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч хүртэл ажиллаж, нийгэм, олон нийт, улс төрийн тогоонд олон жил “чанагдсан” нэгэн. Зарим хүмүүс түүнийг МАН-ын дарга М.Энхболдын татаасаар өсөн дэвшиж ирсэн гэдэг ч үнэндээ иргэд сонсгогчид, намын журмын нөхдүүдийнхээ дунд нэр нөлөө сайтай, өөрийн мэдлэг чадварынхаа үр дүнд НИТХ-д суудал авч гэдэг. Учир мэдэх хүмүүс түүнийг НАМЭХ-ийн Ерөнхийлөгчөөр “өлхөөн” ажиллаж чадах хүн гэж дүгнэж байна.
Б.Ундармаа – Улс төрч гэхээсээ илүүтэй бизнесмэн хүн. “Бишрэлт трэйд”-ээр овоглосон Б.Ундармаа БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан улс төрийн туршлагатай. Тэрээр “Би намд олон жил болсон уу гэвэл болсон. Зүтгэсэн үү гэвэл зүтгэсэн. Эмэгтэйчүүдийн байгууллагыг санхүүжүүлээд аваад явах чадал надад байна” гэж хэлсэн нь цөөнгүй хүний дургүйцлийг төрүүлээд байгаа гэнэ. Б.Ундармаа хэзээнээс намд тийм олон жил зүтгэсэн юм бол гэж шуугих хэсэг байхад нөгөө хэсэг нь өнгө мөнгөөр дульдуйдаж суудал авахыг санаархдаг байдлыг МАН одооноос зогсоох ёстой гэлцэж байгаа ажээ.
Ямартай ч МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны хурлаар дээрх бүсгүйчүүдийн хэн нэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдох юм байна. Хэн байх нь бидэнд хамаагүй ч гэлээ ууган улс төрийн хүчний эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнийг өнгө мөнгөөр биш итгэл үнэмшил, сэтгэл зүрх, ухаан сэхээрлээр удирдаж чадах байгаасай гэж МАН-ын жирийн гишүүд дэмжигчид итгэн хүлээж байна.
А.Галт