Бүртгүүлэхээр ирсэн иргэдэд энэ удаа хариуцлага тооцохгүй

1601499_477434855698747_630451130_nлогоНийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийн ажил энэ сарын 21-нд дуусна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.

-Цэргийн үүрэгтэн бэлт­­гэл офицеруудын тоо бүрт­гэл эхлээд арваад хо­нож байна. Иргэдийн идэвх хэр байна вэ?

-Монгол Улсын иргэний цэргийн  үүрэг болон Цэр­гийн албан хаагчийн эрх зүйн  байдлын  тухай хуу­лийн 24 зүйлд жил бүр цэргийн тоо бүртгэлийг хийнэ гэж заасан байдаг. Ямар хүмүүс хамрагдах вэ гэхээр 18-50 насны, цэргийн алба хаасан хаагаагүй бүх иргэд, 60 хүртэлх нас­ны бэлтгэл офицерууд хам­рагддаг. Нийслэлийн Засаг дар­гын 2013 оны А/1070 тоот/ захирамж гарч цэр­гийн үүрэгтэн бэлтгэл офи­церуудын тоо бүртгэл энэ сарын 6-20-ны хооронд яваг­дана.  Өнөөдрийн  /өчиг­дөр/ байд­лаар нийс­лэлийн хэм­жээнд бүрт­гэлийн ажил 46 хувьтай байна. Нууцын зэрэглэлд байдаг учраас тоо хэлэх боломжгүй. Ма­най иргэд хууль эрх зүйгээ мэддэг, ойлгодог болж бай­гаа нь сүүлийн үед ажиг­лагдах боллоо. Өмнө нь  цэргийн үүрэг­тэн, бэлтгэл офицеруу­дын тоо бүрт­гэл явуулахад мөд ирэхгүй, хо­роо­ны цагдаа сэргийлэх дээрээ тулдаг байсан.

Одоо энэ байдал эрс өөрчлөгдсөн гэдгийг хэлэх  нь зүйтэй байх.  Ер нь энэ ажил эр­чүүдээ тоолох, цэргийн үүрэг хүлээх эрчүүдээ сонгон шалгаруулж авах, цэргийн үүрэг хүлээлгэх гэсэн үндсэн гур­ван зорилгоор хийгддэг юм. Өөрөөр хэлбэл энэ бүртгэл хэр­хэн хийгд­сэнээс бидний дараа дараагийн буюу тухайн онд хийгдэх ажил тодорхой болно. Залуучууд 26 нас хүрчихвэл би цэргийн алба хаах нас өнгөрчихлөө гэж боддог. Тэгвэл тийм биш ээ. Монгол Улсын иргэн л бол цэргийн алба хаасан, хаагаагүй 50 хүртэлх насны иргэд заавал бүртгүүлэх ёстой. Энэ бол эр хүн болж төрсний үүрэг.

Цэргийн үүрэг хүлээнэ гэдэг цэргийн алба хаасан, хаагаагүй ир­гэдээ бүртгэж аваад цэргийн алба хаасан  хүмүүсээ  тодорхой  хугацааны дараа давтан сургах хуультай. Мөн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн гээд цэргийн алба хаагаагүй, их дээд сургууль төгссөн 27-оос дээш насны иргэдээ 14-21 хоногийн хугацаанд сургалтад хамруулах зэрэг ажил хийгддэг.

-Цэрэгт яваагүй иргэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд хамрагдахаас эрс тат­галзах тохиолдол их байна. Учир нь очоод бүртгүүлчихвэл мөнгө нэхнэ, цэрэгт явуулна гэх мэ­тээр болгоомжлоод байдаг. Энэ то­хиолдолд яах вэ?

-Өнөөдрийн явагдаж байгаа бүртгэл, цэргийн зарлан дуудах хуудас нь тэс өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид энэ сарын 6-20-нд хамрагдсан иргэддээ өмнө нь санаатай болон санамсаргүйгээр бүртгэлд хамрагдаж цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваагүй бол ямар нэгэн захиргааны хариуцлага тооцохгүй гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэл нийслэлийн засаг за­хир­гааны анхны шатны нэгж болох 152 хороонд оччихсон байгаа.

Манайхан “Надад зарлан ирэх­гүй байна. Ингэж байгаад алба хаах насаа өнгөрөөчихье” гэсэн байд­лаар бултаад байдаг. Өмнө нь ингээд зугтаадаг нөхдийг бид олдоггүй байсан. Одоо бол тэр цаг өнгөрсөн. Өөрөөр хэлбэл иргэний шинэчилсэн  бүртгэл  явагдсантай хол­богдуу­лан цэргийн  тоо бүртгэлийг цахим­жуулж, мэдээллийн сантай болсон. Тэгэхээр тухайн иргэн хэчнээн нуугдаж бултаад ч нэмэргүй, бүх мэдээлэл нь бидэнд байгаа гэсэн үг. Гагцхүү өөрийн эрх үүргийн дагуу ирж бүртгүүлэх нь үү, үгүй гэдэг л асуудал байгаа юм. Ямар нэгэн аргаар цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдахгүй, цэргийн зарлан дуудах хуудаснаас бултаж байгаа тохиолдолд хэзээ нэгэн цагт баригдана. Баригдахаараа эвгүй байдалд орно.

-Цэргийн зарлан ирээгүй 27 нас хүрчихсэн, эсвэл өөр хооронд шилжээд хуучин хороон дээр нь цэргийн зарлан нь ирсээр байгаад нас нь өнгөрчихдөг тохиолдол бий. Энэ то­хиолдолд хэдэн төгрөгийн торгууль төлөх вэ?

-Иргэн эрэгтэй цэргийн үүрэгт­ний бүртгэлд  хамрагдаагүй бол 50 мянган төгрөгийн торгууль хү­лээ­нэ. Цэргийн албанд явуулах зар­лан дуудах хуудас аваад ирээгүй тохиолдолд иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Мөнгөн торгуулийн тухайд насанд хүрсэн эрэг­тэйчүүдэд найман удаа цэргийн зарлан дуудах хуудас ирдэг. Тухай бүрт нь ороод чөлөөлөгдөөд явж байсан бол мөнгөн төлбөрөөс чөлөө­лөгдөнө.

Хэрвээ цэргийн комиссоор нэг ч ороогүй явсаар байгаад 27 нас хүр­чихвэл найман жилийн тор­гуу­лийн мөнгө төлнө. Энэ торгуулийн мөнгө харилцан адилгүй. Тодруулбал 1971-1973 онд төрсөн хүн 638 мянган төгрөг төлнө. 1987 онд төрсөн хүн нэг ч удаа цэргийн комиссоор орж байгаагүй бол гурван сая 726 мянга 786 төгрөг төлнө гэсэн үг.

-Сурч байгаа тохиолдолд цэр­гийн албанаас чөлөөлөгддөг. Энэ нь төлөх мөнгөн дүнгээс хасагдах үндэслэл болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Хэрвээ 1987 онд төрсөн  хүн  дөрвөн жил оюутан байсан бол тухайн жилийнх нь төлбөрөөс чөлөөлөөд нэг сая 714 мянга 321 төгрөг төлнө гэсэн үг. Харин 18 нас хүрээд цэргийн үүрэгтний үнэмлэх аваад жил бүр эрүүл мэндийн шалтгаан болон бу­сад шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөөд явж байсан бол 27 нас хүрээд зөвхөн цэргийн үүрэгтнийнхээ бүртгэлд бүртгүүлнэ гэсэн үг.

-Ажил хийж байгаа тохиолдолд цэргийн алба­наас чөлөөлөх үү?

-Тийм зүйл байхгүй. Ажил хийж байгаа тохиолдолд цэрэгт тэнцсэн бол авч явна. Харин цэргийн албаа хаагаад ирснийх нь дараа ажил олгогч ажлын байрыг нь хадгалж үлдсэн байх үүрэгтэй.

-Социалист нийгмийн үед эрүүл мэнд болон бусад хүндэтгэх шалт­гаангүй бол шууд л цэргийн алба хаалгадаг байсан. Харин одоо цэргийн алба хаах асуудал харь­цангуй нээлттэй, уяан хатан болсон юм уу гэж ажиглагддаг?

-Тийм ээ. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд эх орноо хамгаалж хуулийн дагуу цэргийн алба хаана гээд иргэний эрхэмлэх үүрэгт заачихсан байдаг. Энэ хуу­лийг биелүүлэхийн төлөө олон сон­голт, хэлбэрүүдийг бий болгож өгсөн. Өмнө нь ганцхан цэргийн алба хаалгадаг байсан бол одоо цэргийн дүйцүүлэх албанд явж болно. Дүйцүүлэх албыг мөнгөн төл­бөрийн хэлбэрээр орлуулан хаах, гэрээт цэргийн албанд явах, цэргийн жинхэнэ алба хаагч болох гэх мэт бүх зүйл нь нэгдсэн бүртгэлийн дараа хийгддэг юм.

-Монгол  Улсын   Ерөнхий­лөгчийн санаачилсан “Оюу­тан цэ­рэг” хө­төл­бөр энэ оноос хэрэгжиж эхлэх үү?

-Оюутнууд  сурч  байх   хугацаан­даа цэргийн алба хаах боломж бүрдсэн. “Оюутан цэрэг” хөтөлбөр энэ оноос хэрэгжиж эхэлнэ. Оюут­нуудад зуны амралтаараа алба хаах боломж олгож байгаа юм. Энэ нь зөвхөн зуны амралтаараа л алба хаана гэсэн үг биш. Хэрвээ нэгдүгээр курст орохдоо цэргийн алба хаахаар бүртгүүлсэн бол дөрвөн жилд гурав гурван сараар яваад их сургуулиа төгсөхдөө цэргийн албаа ч хаана гэсэн үг.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …