Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын төлөөлөгчид “Ундны усны эх булаг” бохирдож байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тус сумын Засаг дарга М.Баярбаатар хууль бусаар хайрга их хэмжээгээр олборлон улмаар их хэмжээний хогийг өнгөний усанд оруулсанаар сумын төвийн иргэдийн тал хувь нь суурь өвчтэй болох эхлэл тавигдаж байгаа аж.
Шаамар сумын иргэд Орхон голоос ус авдаг бөгөөд усны эх орчимын газар хайрганы их хэмжээний нөөцтэй юм байна. Эл газрын хайргыг Засаг дарга М.Баярбат “Өгөөмөр Баянбулаг” ХХК, “Гүнж жонс” ХХК-д 5 сараас эхэлж ашиглуулж байгаа бөгөөд үүний улмаас гарсан нүхийг таглахын тулд 30-40 жилийн хур хог хаягдлаа булжээ. Ингээд Шаамар сумын иргэдийн ундны ус хортой хог хаягдлаар дүүрч бохирдож эхэлсэн ба мал амьтан үхэх болсон байна.
Уг нь “Урт нэртэй” хуулинд усны ай сав газар хог булахыг хориглосон заалт байдаг. Гэвч Шаамарын засаг даргын хувьд хууль, гууль болсон бололтой. Иргэд Засаг дарга М.Баярбаатардаа голын уснаас болж дөрвөн үхэр үхсэн талаар уламжилхад “Мал л үхсэн байна. Хүн үхээгүй л байна ш дээ” хэмээн бараг сүртэй юм гэх анзааны зүйл ярьжээ.
Сумын ИТХын төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн МХЕГ-т хандсан ч голын эхээс 4 километр зайд байрлах гүний уснаас шинжилгээ аваад ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэж хэлсэн байна. Тиймээс Шаамар сумын иргэд өөрсдийн эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалахын тулд дээрхи асуудлыг шийдвэрлүүлэхээр Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюунд хандана гэв.
Б.Хайдав