Өнөөдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны үеэр шүүхийн захиргааны удирдлагын газар, шүүхийн судалгаа мэдээллийн төвөөс өнгөрсөн 2013 оны шүүн таслах ажиллагааны мэдээг сэтгүүлчдэд танилцууллаа.
Өнгөрсөн 2013 онд эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 10901 хүнд холбогдох 7248 хэргийг хүлээн авч, 8065 хүнд холбогдох 6169 хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оноос 0,1 хувиар өссөн байна.
Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны журмаар 1960 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэснээс 1012 шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, 391 тогтоолд өөрчлөлт оруулж, 557 тогтоолыг хүчингүй болгосон байна. Хяналтын шатны журмаар нийт 691 хэрэг хүлээн авснаас 535 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ. Тэдгээр хянан шийдвэрлэсэн хэргийн 392 нь гомдлоор, 44 нь прокурорын эсэргүүцлээр, 99 нь прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтээр шийдвэрлэсэн байна.
Иргэний хэргийн Анхан шатны шүүх нийт 49581 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авч 8217 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаах, харьяаллын дагуу шилжүүлж, 35314 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн оноос 7522 хэргээр буюу 27 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Давж заалдах шатны журмаар нийт 1837 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 844 хэрэг буюу 45.9 хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 495 хэрэг буюу 26.9 хувьд нь шийдвэрт өөрчлөлт оруулж, 498 хэрэг буюу 27.1 хувьд нь шийдвэрийг хүчингүй болгожээ.
Нийт шийдвэрлэсэн хэргийн тоо өмнөх оноос 187 хэргээр буюу 11 хувиар өссөн байна. Хяналтын шатны шүүх нийт 1013 хэрэг хүлээн авч, 759 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 139 хэрэгт Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг танилцуулж, бичгээр хариу өгч, 42 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан хэлэлцсэн байна. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо өмнөх оноос 6 хэргээр буюу 0.7 хувиар өссөн байна.
Захиргааны хэргийн Анхан шатны шүүх 2170 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсанаас 533 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1106 хэргийг хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оноос 145 хэргээр буюу 15 хувиар өссөн байна. Давж заалдах шатны журмаар нийт 660 хэрэг хүлээн авсанаас анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдсан 384, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хянасан 185, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянасан 3, бусад 26, нийт 598 хэргийг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны журмаар 329 хэрэг хүлээн авсанаас 268 хэргийг шийдвэрлэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан 44 хэрэгт албан бичгээр хариу өгч, 17 хэргийн үлдэгдэлтэй байна. Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос 33 хэргээр буюу 15 хувиар өсчээ.
Эх сурвалж:Д.Биндэръяа