Алт ба геополитик

логоМонгол  Улсын эдийн засаг эрдэс баялгийн сал­бараас, тэр дундаа нүүрс­ний экспортоос үлэмж хамаа­ралтай болсныг ойлгоход заавал “эмчийн магадлагаа” шаардах нь утгагүй биз. Экспортод гаргаж буй нийт бүтээгдэхүүний 90-ээс илүү хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, хамгийн багаар бодоход үүний 40 орчим хувийг зөвхөн нүүрсний худалдаа эзэлж байна. Төсвийн орлогын бүрдэлт, төгрөгийн ханшийн савлагаа зэрэг эдийн засгийн бүх л үзүүлэлтүүд эцсийн дүндээ нүүрснээс хамаарах болсон хэрэг.

Эх орны эдийн засаг нүүрсний экспортоос ийн хамаарч байгаа нь нэг хэрэг бодоход тэрхүү нүүрс­ний борлуулалт нь нэг л зах зээлээс хамааралтай болчихсон нь хамгийн гол асуудал юм. Бид нийт экспортынхоо 85 хувийг, зөвхөн нүүрсний тухайд ярихад 100 хувь БНХАУ-ын зах зээл дээр борлуулж байгаа. Стратегийн  нөлөө үзүү­лэх хэмжээнд “үнэ цэн” нь өссөн нүүрсээ зөвхөн өмнөд хөршдөө нийлүүлж, ганц худалдан авагчийн гар харж суудгаа больё гэж хүсч, ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл өөр зах зээлд хүргэх дэд бүтэц нь алга. Өргөн, нарийн царигийн талаарх төмөр зам тойрсон маргаан эцсийн дүндээ эрсдэс баялгаа хаана хүртэл зөөж, хэнд худалдах вэ гэсэн асуултын гол зангилаа нь.

Гол асуудлаа шийдээгүй цагт бид нүүрснээс хараат эдийн засагтай, нүүрс нь нэг зах зээлээс хамааралтай хэвээрээ байх болно. Ам.доллараар ашиг, орлого авчирч байгаа ганцхан цорготой, харин цоргыг нээх хаах удирдлага нь хүний гарт байна гэсэн үг. Энэ нь Монгол Улсын хувьд улс төр, эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож байгаа геополитикийн асуудал болон хувирч байна.

Далайн  боомттой   бид­нийг холбох дэд бүтэц, төмөр замын асуудлаа шийдвэрлэх гэж хэрэлдэж, хэлэлцэж суусаар хэтэрхий удлаа. Шийдлийг нь олж чадахгүй байгаа юм бол шийдэх гэж оролдохоо больё. Үүний оронд алтны талаарх бодлогоо эрс өөр­чилж, стратегийн чухал бүтээгдэхүүн болгох боломж, бололцоо илүү ойрхон харагдаж байгааг анзаарч үзье. Монгол Улс нийтдээ 3000 тонн алтны нөөцтэй гэх тооцоо бий. Энэ нь дэлхийд эхний арав дотор бичигдэх нөөц. Үүнээс сүүлийн хо­риод жилд 150 тонныг нь олборлосон гэж үздэг.Дахиад олборлолтыг нэмэгдүүлэх, шинэ орд газрыг ашиглалтад оруулах хангалтай судалгаа, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг хувийн хэвшлийнхэн өнгөрсөн хугацаанд бий болгож амжсан.

Харин тэд­ний хөрөнгө оруулалтыг хамгаалах, худалдааг ил тод болгох, цааш­лаад Монгол­банкны эрдэнэсийн санд худалдан авдаг байх зэрэг хэд хэдэн асуудлыг хууль эрх зүйн орчинд ухаалгаар шийдэж чадах юм бол алтны салбар эдийн засгийн төдийгүй геополитикийн чухал нөлөөтэй үйлдвэрлэл болж чадах юм.  Анхны боловсруулалтын талаар “А” ч хийгдээгүй түүхий нүүрсээ вагон, ва­гоноор нь зөөхийн тулд тө­мөр зам барихаас өөр аргагүй бол алтыг бид 99 хувийн тунгаамал хэлбэрээр хэдхэн гар цүнхээр дам­жуулаад онгоцоор  зөөвөр­лөхөд хаана ч хүргэх бо­ломжтой. Дэлхийн зах зээлд хүргэхийн тулд дэд бүтэц шаардагдахгүй гэсэн үг.

Түүнчлэн “Эрдэнэт”-ийн зэсийг баяжмал хэл­бэрээр экспортлох биш бо­ловс­руулалт хийгээд цувимал зэс утас болгочихвол мөн л онгоцоор зөөвөрлөх бо­ломжтой. Энэ тохиолдолд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болж хувирах төдийгүй газар зүйн хувьд хоёрхон зах зээлд хавчигдсан эмзэг байдлын үнэлгээг эрс бууруулах бололцоотой. Чухам ийм учраас “Эрдэнэт”-ийн зэсээр эндээ  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг өнөөд­рийг хүртэл хөндлөнгөөс хааж, “хориотой сэдэв” бол­гож ирсэн талаар зарим эх сурвалж өгүүлдэг. Ард нь геополитикийн асуудал давхар явж буй хэрэг.

Харин алтны салбарын хувьд хөнд­лөнгийн нөлөө­гүйгээр өөрсдөө бие даан шийдвэрлэх боломж монгол­чуудад бий гэж үздэг. Алтаа эдийн засгийн хувьд стратегийн бүтээгдэхүүн, валютын нөөцийн ба­талгаа болгох, цаашлаад гео­по­ли­тикийн чухал өрөг болгох боломжтой гэсэн үг. Өнөөдөр дотоодын үйлд­вэрлэл, тэр дундаа эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх үйлд­вэрлэл хараа­хан алга.  Эсгий углааш, ноос, ноолууран хувцсыг эс тооцвол эрдсийн түүхий эдээс өөр экспортод үнэ хүрэх бүтээгдэхүүн ойрын ирээдүйд бий болохгүй нь ч тодорхой. Ийм үед бидэнд 99 сорьцтой алтнаас илүү үнэ хүрэх эрдэс, геополитикийн хожил харагдахгүй байна шүү дээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …