Киев хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд мөргөлдөөний улмаас бэртсэн хүмүүсийн тоо 200 хүрээд байна. Цагдаа нар Ерөнхийлөгчийн ордон болон парламентын байр руу жагсагчдыг нэвтрүүлэхгүйн тулд бэхлэлт маягаар замыг нь хааж зогсжээ. Хэдийгээр цагдаа нар жагсагчдыг тараахын тулд ямар ч оролдлого хийгээгүй боловч жагсагчид цагдаа нар руу чулуу шидэж байжээ.
Украйны Дотоод явдлын яамнаас мэдээлснээр энэхүү үймээнтэй холбогдуулан одоогоор 31 хүнийг баривчлаад байгаа юм. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж, 15 хүртэлх жилээр хоригдох ял ногдуулж магадгүй байна. Үүний зэрэгцээ даваа гарагийн үдээс хойш Украйны Дотоод явдлын сайд Витали Захарченко цагдаа нарыг шаардлагатай тохиолдолд зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн тогтоолд гарын үсэг зуржээ.
Харин Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович жагсагчдыг үймээн самуун дэгдээхгүй байхыг сануулсан байна. Харин тэрбээр даваа гарагийн орой сөрөг хүчний төлөөлөлтэй уулзахаар товлосон ч уг уулзалт хараахан болоогүй байгаа юм. Үүний улмаас Украйны ам.доллараар нэрлэсэн бондын өгөөж 32 суурь нэгжид хүрээд байна. Харин гривнигийн ам.доллартай харьцах ханш ялимгүй унаж, нэг ам.доллар 8.37 гривнитэй тэнцжээ.