Цөмийн энергийн салбарт өнжсөн нь

1ТОВЧХОН

  • Иргэний зөв­лөлийнхний нэг хэсэг нь ураны эсрэг зогсч, нөгөө хэсэг нь ашиглах ёстой гэж зөрөлдөөд эхэлсэн бололтой.
  • Шар нунтаг үйлдвэрлэх бэлтгэл ажлын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээрийн гэрээ бай­гуулах энэ тэр гээд бага­гүй ажлууд эхэлжээ.
  • “Цөмийн технологийнхоо хөгжлөөр зэсийн баяжмалдаа байгаа мөнгийг граммаар нь тогтоосон хэрэг”
  • Монголчууд цөмийн өндөр технологитой  орнуу­дын л хийж чаддаг шар нунтагийг гаргаад авчихаж. Уранаа ашиг­лаж эхлээгүй ч лабора­торийн хэмжээнд бол ин­гэж хэлж болохоор түв­шинд хүрчээ

Дэлхийд сүүлийн хорин жилд ил­рээ­гүй их нөөцтэй орд Монголоос илэрсэн, Фран­­цын “Арева” Япон­той хамтран манай ураны салбарт том хө­рөн­гө оруулалт хийх эх­лэл тавигдсан гэж ирээд яривал уранаараа дэл­хийд том тоглогч байх боломж ирсэн энэ үед анхаарал хандуулах учир­тай хамгийн гол  өнцөг бол цөмийн техно­логийн салбар.

Манай сонин  энэ удаа­гийн “Танайд өнжье” буландаа цөмийн тех­но­логи Монголд хэр түв­шинд хөгжиж байгааг сур­валжлахаар шийдсэн юм. Сонгосон байгууллага  маань Цөмийн энергийн газар. Тус газрын дарга Н.Тэгшбаяртай тохирс­ны дагуу пүрэв гаригийн өглөөний 08.00 цагт Хан-Уул дүүргийн хуучин ца­гаан хаалганы цаахна байрлах байгууллага дээр нь яваад очлоо. Өг­лөө бүр хийдэг шуурхай нь эхэлжээ. Арав орчим хүн ширээ тойроод суу­чихаж. Бүгд л тус тусдаа асуудал хариуцсан дарга нар бололтой.

Тэдний ярианаас Цөмийн техно­логийн газрын даргынх нь мэдээлэл сонирхол татав. Эднийх цацраг идэвхт ашигт малтмалыг эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байгаа гэнэ. Шар нунтаг үйлдвэрлэх бэлтгэл ажлын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээрийн гэрээ бай­гуулах энэ тэр гээд бага­гүй ажлууд эхэлжээ.  Мэр­гэжлийн голдуу хэллэгтэй яриа өрнөсөн өглөөний шуурхайн үеэр эднийд хамаатай 68  тусгай зөв­шөө­рөл 13 аж ахуйн нэг­ж байгаагийн нэг нь ашиг­лалтынх бусад нь хайгуулынх гэсэн статис­тик содон сонсогдов.

Ашиглалтын ганц лиценз нь ураных биш гэнэ. Сүү­лийн гурван жилд нэг ч хайгуулын болон ашиг­лалтын зөвшөөрөл ол­гоо­гүй юм байна. Тэдний ярианаас анзаарахад Цөмийн энергийн сал­барт хамаарах лицен­зүүд ТЕГ, ҮАБЗ-ийн мэд­дэг ажил бололтой.

Н.Тэгшбаярыг  “Аюул­гүй байдал гадаад бод­логын байнгын хорооны зарим гишүүд Дорно­го­вийн Улаанбадрах су­манд тугал хорогдсон хэрэг уранаас болсон эсэх дээр нэг мөр ойлголт өгөөч гэсэн. Цөмийн хянал­тынхан танилцуул­га явуулах талд анхаа­раарай” гэхэд ажилтнууд нь  “Арав гаруй байгуул­лагын гучаад хүн оролц­сон ажлын хэсэг цацра­гаас болоогүй, селенийн ужиг хордлогоос болж тугал үхсэн гэх дүгнэлт гаргасан. Ерөнхий сай­дад танилцуулсан шал­гал­тын дүнгээ байнгын хорооныхонд  албан бич­гээр явуулъя” гэсэн хариу өгнө лээ. 2

Цөмийн хаягдлыг Монголд оруу­лахгүй байхыг баталгаажуулсан цөмийн хаягдлын эсрэг конвенцид элсэх асуудлыг Засгаар хэ­лэлцүүлэхээр болж байгаа юм билээ.

За тэгээд цац­рагийн хяналт сайн байгаа, Монгол энэ чигийн ажлаараа олон улсын атомын энергийн агентлагаас 2013 онд дажгүй дүн авсан, хилийн боомт дээр ная гаруй цацраг хэмжигч суурилуулсан гэх мэт ярианууд өрнөсөн шуурхай бараг хагас цаг үргэлжиллээ. Нэг сонин дуулгахад цөмийн хаягдлыг Монголд оруу­лахгүй байхыг баталгаажуулсан цөмийн хаягдлын эсрэг конвенцид элсэх асуудлыг Засгаар хэ­лэлцүүлэхээр болж байгаа юм билээ.

Хурал дууссаны дараа  Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн гишүүд гээд хоёр хүн Цөмийн энергийн газрын даргын өрөөнд ороод ирэв. Б.Дүгэржав   гэж өөрийгөө танилцуулсан жар орчим насны эрэгтэй Монголоо хөгжүүлье гэвэл уранаа ашиглах ёстой гэж ирээд яриа дэлгэв. Иргэний зөв­лөлийнхний нэг хэсэг нь ураны эсрэг зогсч, нөгөө хэсэг нь ашиглах ёстой гэж зөрөлдөөд эхэлсэн бололтой. Дүгэржавын яриагаар бол “Грийн пийс” байгууллагын нэрийг хуурамчаар барьсан хүмүүс ураны эсрэг тэмцэж байгаа, Дорноговийн Улаанбадрахад Ганбаатар, Бээжин зэрэг иргэний хөдөлгөөнийхөн дахин очиж “Арева”-г бужигнуулсан гэнэ.

Түүнийг дагаж орж ирсэн тавь гаруй насны эмэгтэй  хойд хөршид цөмийн физикч мэргэжил эзэмшиж насаараа цөмийн салбарт ажиллажээ. Тэрээр “Том гүрнүүд цөмийн цацрагийг хөгжилдөө л ашигладаг. Баттай баримттай албан ёсны бол юуг ч гаргаж  тавих нь иргэний нийгэмд нээлттэй. Гэтэл цөмийн мэргэжилгүй, энэ чиглэлийн ямар ч ойлголтгүй хүмүүс иргэдэд буруу мэдээлэл өгөөд байхад мэргэжлийн хүний хувьд харамсах юм. Цөмийн асуудлаар яриад байгаа “гамшиг” гэсэн хочтой Ганбаатар гэхэд л  Германд сургууль төгссөн жү­жигчин. Цаана нь  ямар хүмүүс байгааг судлаач, олж тогтоогооч гэсэн санааг танд хэлж саналаа солилцохоор ирсэн юм” гэж ярив. Тэд ийм зорилгоор ирсэн гэнэ.

НҮҮРСЭЭ  УСТӨРӨГЧ БОЛГОЖ ХОТЫГ УТААНААС САЛГАНА

Цөмийн энергийн газрын дарга үдээс хойш цөмийн технологи хэрэглэж байгаа гурван газраар орохоор төлөвлөжээ. Нэг нь МУИС-ийн Цөмийн судалгааны төв, нөгөө нь Хавдар судлалын үндэсний төв, гурав дахь нь Геологийн төв лаборатори аж.

Эхлээд МУИС-ийн цөмийн судалгааны төвөөр оров. Офи­церуудын ордны хавцаа байрлах энэ газар сургалтаа ч судалгаагаа ч хийдэг юм байна. Цөмийн физик, цөмийн бүтэц, урвалын суурь судалгаануудыг хийдэг аж. Цөмийн технологийн үйлдвэрлэл практикт   суурилсан суурь судалгааг ч хийдэг юм байна. Цөмийн энергийн газраас цөмийн эрчим хүч, цацраг идэвхит ашигт малтмалыг судлахтай холбоотой ажил дээр хамтардаг гэнэ.

Цөмийн энергийн газрын шугамаар Америкийн нэг төсөл эднийд хэрэгжжээ. Цацраг идэвхт бодисууд террористуудын гарт орж болзошгүй гэсэн болгоомжлолоор хэрэгжүүлдэг төсөл бололтой. Цацрагийн онцгой үүсгүүртэй өрөөнүүд нь тусгай камертай, гадны ямар нэг  нөлөөг мэдрэх мэдрэгчтэй болчихож. Зарим өрөөнүүд нь үүдэндээ кодтой юм. Энд ямар нэг юм боллоо гэхэд ЦЭГ дээр шууд дохио, мэдээлэл очих гэнэ.

Сонирхуулж хэлэхэд эдний төвийн эрдэмтэн Эрдэнэтийн зэсийн баяжмал дахь мөнгөний хэмжээг 1980 онд тогтоожээ. Энэ үеэс манайх зэсийн баяжмал дахь мөнгөнийхөө орцыг бодож Орост арай ахиу үнээр зардаг болж. “Цөмийн технологийнхоо хөгжлөөр зэсийн баяжмалдаа байгаа мөнгийг граммаар нь тогтоосон хэрэг” гэж  Т.Зузаан доктор онцлов.

Эдний төвд цөмийн физикийн аргаар агаарын бохирдлыг хэмждэг юм байна.   Цөмийн технологиор хотын утаанд байгаа  химийн бүх л элементийг гаргаад ирдэг гэнэ. Бүр тоос хичнээн хувь, гэр хороолын утаа  төчнөөн хувь, машины утаа нь ийм хэмжээтэй гээд нарийвчлаад гаргаад ирдэг аж. Эдний гаргасан тоог судалгааны байгууллагууд иш татаж ашигладаг юм байна. Агаарын бохирдлоос тоосонцор нь эрүүл мэндэд илүү хортой гэж Д.Шагжжамба доктор ярьж байлаа.

Хотын агаарын бохирдлын 50 хувийг тоос эзэлдэг гэнэ. Тоостойгоо тэмцэж эхлэхгүй бол утаанаасаа илүү аюул тарьж мэднэ гэж тус төвийн эрдэмтэд ярьж байсан юм. Машины утаа хотын агаарын бохирдлын арав орчим хувийг эзэлдэг гэнэ. Утаагүй зуух тараасан газруудад бохирдлын хувь хамаагүй багассан тоо гарчээ. Өвөлд гардаг утаа 2.4 дахин багассан гэсэн тоог тэд хэлж байлаа.

Энэ төвд хийж байгаа анхаарал татахаар ажлын нэг нь цөмийн эрчим хүчний судалгаа юм байна. Хотын утааг цөмийн эрчим хүчээр шийдэх ямар боломж байгааг судлаад эхэлчихсэн гэсэн үг. Нэг таатай мэдээ дуулгахад энэ төвийн эрдэмтдийн хэлж бай­гаагаар  бол дэлхийгээс хоц­рох­гүйгээр нүүрсээ устөрөгч болгоод ашиглаад эхэлчих гэнэ. Нүүрсэнд агуулагдах уран, цацрагийн аюулын талаарх яриа ч энэ үеэр эрдэмтдийн дунд өрнөөд авав.

ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙ ХОЁР ХАМГИЙН ОЛОН ЦӨМИЙН ҮҮСГҮҮРТЭЙ

Цөмийн судалгааны төвөөс гараад Хавдар судлалын үндэсний төв дээр ирлээ.  Нэгдүгээр эмнэлэг эднийх хоёр л хавдрын эмчилгээндээ цөмийн технологийг ашигладаг, тэр үүднээсээ  Цөмийн энер­гийн газартай хамтран ажилладаг аж. Хавдраас бусад чиглэлээр цөмийн үүсгүүр ашигладаг зуу гаруй эмнэлэг манайд ажилладаг юм байна. ЦЭГ-ын даргыг тус төвд ажиллах үеэр хорт хавдрын өвчлөлийн талаар нэг эмзэглэмээр мэдээ сонслоо.

Хорт хавдар газар авчээ. Өнгөрсөн жил 4544 хүн хорт хавдартай гэсэн онош сонссон бол энэ жил 5000 гаруй хүн ийм онош сонсчээ. ХСҮТ-ийнхөн хавдрыг эмчлэх  туяа эмчилгээний ганцхан аппараттай, өргөтгөлийн барилгаа дуусгаж байж нэмж аппарат суурилуулмаар байна гэсэн саналыг ЦЭГ-ын даргад тавина лээ. Хавдрын эмчилгээнд хэрэглэдэг  хуучирсан тоног төхөөрөмжийг шинээр солих үед  цөмийн үүсгүүрийг  нь ЦЭГ-ын хяналтанд шилжүүлдэг ажээ. Ингэхэд  эмнэлгээс өчнөөн сая төгрөг гардаг бололтой. ХСҮТ-ийн эмч нар энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөх хүсэлт тавихад ЦЭГ-ын дарга  “Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр төлбөр тооцооны хувьд эерэгээр шийдэх бололцоо бий.

Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлагт өргүй болсон. Тэгэхээр та бүхний санал болгох дараагийн төсөл заавал дэмжигдэнэ гэж ойлгох хэрэгтэй” гэсэн хариу өглөө. Сонирхуулж хэлэхэд манай улсад  хамгийн олон цөмийн үүсгүүр ашигладаг компани нь Эрдэнэт, Оюутолгой юм байна. Бусад уурхайнууд  ч цөмийн үүсгүүрүүд ашигладаг аж.

МОНГОЛЧУУД  ШАР НУНТАГ ГАРГАЖ  АВЧЭЭ

Цөмийн энергийн газрын даргын сүүлд орсон газар нь Геологийн төв лаборатори. Цө­мийн технологи дээр суурилсан тоног төхөөрөмжүүдийг нь сонир­хож нэлээд явав. “Эднийхийг Монголоос гадагш экспортолдог зэсийн болон хүдрийн баяжмал зэрэг ашигт малтмал дотор яг ямар эрдсүүд байгааг нэг бүрчлэн тооцдог газар гээд ойлгочихож болно. Монголд их мөнгө олж өгдөг ашигт малтмалын үнэ цэнийг цөмийн технологиор тогтоодог чухал газар”  гэж ЦЭГ-ын дарга тайлбарлав. Технологи сайжраад ирэхээр Монголоос гадны лабораториуд руу шинж­лүүлэхээр явуулдаг байсан дээ­жүүдийг эднийх шинжилдэг болжээ.

Гадагшаа урсдаг мөнгө эндээ үлддэг болсон гэсэн үг. Сүүлд гэхэд л Оюу толгойн зэсийн баяжмалд хичнээн хэмжээний алт, мөнгө байгааг эднийх тодорхойлж байгаа гэнэ. Уранаа  ч  эндээ шинжлэх том  төслийг ЦЭГ-тай хамтран хэрэг­жүүлээд эхэлжээ. Шар нунтаг гаргаж авсан газар нь мөн л Геологийн төв лаборатори.   Ингээд эрдэс шинжилдэг цөмийн технологийн хэд хэдэн мундаг тоног төхөөрөмжийг сонирхов.

Бидэнд сонирхуулсан эхний төхөөрөмж геологичдоос чулуу­гаар нь авсан дээжийг гурил шиг нунтаглаж тусгай бодистой холиод шилэн буюу шахмал эм маягийн болгочихдог юм байна. Нунтагийн ширхэг нь микроноор хэмжихээр нарийн гэнэ. Нэг ширхэг нь энгийн нүдээр бол харагдахгүй, олноороо нийлэхээр харагддаг гэж тайлбар­ласныг бодоход төсөөлөх аргагүй жижиг хэсэг болгоод нунтаг­лачихдаг бололтой. Чулууг ингэж нунтаглаж байгаад доторхи бүх хольцыг нь цөмийн технологийн шидээр судалдаг аж.

Ингээд төчнөөн хэмжээний мөнгө, өдий хэрийн алт байна гээд гаргаад ирдэг байна. Мендел­еевийн үелэх  сис­темийн 44-ийг нь таниад ялгачих­даг гэнэ. “Кальци, төмөр зэс, уран гээд бүгдийг тодор­хойлно. Хордсон гэх 22 тугалын асуудлыг ингэж  шинжлээд дотор нь уран зэс байна уу гэдгийг судалсан. Олон улсын лабора­ториуд руу ч явуулсан. Тэгээд олон улсын лабора­ториудын дүнтэй мөргөж байгаа учраас ажлын хэсэг нийтэд зарласан” гэж ЦЭГ-ын дарга ярив.

Геологийн төв лабора­торийн­хон эрдсийн түүхий эдээр стан­дартчилсан загвар бүтээгээд эхэлчихэж. Мэдээж  цөмийн  технологиор. Эрдэс баялгаараа гэхэд л 60 орчим стандарт загвар хийжээ.Сүүлд гэхэд газрын ховор элемент, литийн хүдэр, уран дээр ийм загвар хийсэн гэнэ. Манай улс стандартчилсан загвар үйлдвэр­лэгчийн эрх авчээ.Америк, Австрали, Англи, Өмнөд Африк, Хятад, Орос, Герман зэрэг улсууд монголчуудаар стандартчилсан загвар хийлгэдэг болж. Геологийн төв лабораторийн үйлдвэрлэл эрхлэлтийн дэд захирал Л.Батзориг “Сүүлд гэхэд Германы Гео шинжлэх ухааны байгалийн нөөцийн хү­рээлэн Номхон далайн ёроолын ман­ганийн модуль гэсэн дээж явуулсан.

Манайхаар стандартчилсан загвар бэлт­гүүлээд гадны гучаад  лабораторид шинжлээд өгөөч гээд явуулчихна. Нөгөөдүүл нь  манган, никелийнх нь агуулга тэд гээд тогтоогоод явуулна. Лабора­ториудаас ирсэн дүнг харьцуулж судлах гэж ингээд байгаа юм. Үүний эцэст Номхон далайд хэчнээн хэмжээний манган байгааг гаргах суурь тавигдана. Европын холбоо тэр чигээрээ, ер нь улс бүр л ингэж байна. Стандартчилсан загвар гэхээр хол сонсогдож магадгүй л дээ. Гэвч Европын холбоо  хоёр жилийн өмнө стандартчилсан загвар бол улс орны стратегийн материал гээд зарлачихсан. Ер нь бол жишиж харьцуулах юмгүйгээр хөгжиж байгаа эсэхээ мэдэх боломжгүй гээд ойлгочихож болно” гэж ярилаа.

Биднийг дараагийн төхөө­рөмжийг сонирхохоор шатаар өгсөх замд ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Цөмийн технологийг  уул уурхай,  эмнэлэг, хөдөө аж ахуй, хүнс гээд хэрэглэхгүй салбар алга. Түүхийн судалгаан дээр гэхэд л насжилтыг тогтооход ашиглаж байна. Хөдөө аж ахуйд вакцин үйлдвэрлэх,  эмнэлэгт эмийн бүтэц судлах, агаарын тээврийн салбарт цонхны цанталтын эсрэг гэх зэргээр ашиглаж байна. Хүнсний салбарт савлагааг хянахад хэрэглэдэг. Хяналт хийж болохгүй салбар гэж үгүй.

Ясир Арафатын хувцсыг цөмийн технологиор шинж­лээд  ямар элементээс хордсоныг нь тодорхойлчихож байна. Чингэсийн онгоныг олчих­вол нас барсан шалтгааныг нь тогтоох боломжтой” хэмээн ярилаа. Тус газрын цөмийн технологийн газрын дарга хажуунаас   “Напео­лоны үсийг нас барсных нь бүр сүүлд музейгээс аваад хүнцэл гэдэг бодисоос болж хордсоныг тог­тоосон нь мөн л  цөмийн тех­нологийн хүч” хэмээн ярианд оролцов.

Бидний орсон дараагийн өрөөнд энгийн хүн бол томхон компьютер гэж хэлэхээр тө­хөөрөмж суурилуулжээ. Үнсээр хийсэн блоконд цацрагийн хэмжээ хэр байгааг энд тогтоодог юм байна. Блокийг шинжлүүллээ гэхэд заавал эвдэж нунтаглах шаард­лагагүй, зүгээр л гаднаас нь мэдрээд хариуг нь гаргачихдаг аж. Энэ мэт олон салбарт ашигладаг бүтээгдэхүүний бат бөхийг үүгээр шалгадаг юм байна. ЦЭГ-ын дарга энэ үеэр “Альфа, бетта, гамма гээд гурван янзын цацраг бий. Гамма  нь бүхнийг нэвтэрч  чадна.

Харин альфа нь цаас ч  нэвтлэхгүй.  Бидний аюултай гээд байгаа шар нунтагаас альфа гарна. Тэгэхээр зүгээр л аяган дотор хийгээд дээр нь цаас тавьчихад хүмүүст хор үзүүлэхгүй эд. Улс орон баяжихыг хүсвэл цөмийн технологи хэрэглэх учиртай. Баян бол хэрэглэж байна гэсэн үг. Цөмийн технологигүйгээр хэн ч баян байж, өрсөлдөж чадахгүй. Бидний бусад улстай өрсөлдөх чадвар бол ерөөсөө л цөмийн технологи. Өрсөлдөх чадваргүй байлгах сонирхол хаа нэг газар байж магадгүй л юм” хэмээн ярилаа.

Ойролцоох өрөөнд нь ороход том саарал төхөөрөмж суури­луулсан харагдав. Изотопыг нь ашиглаад агуулгыг нь тодор­хойл­дог багаж гэнэ.  Үелэх системийн 108 элементээс эрдэс баялагт  тогтвортой изотоп байдаг 70 орчим элементийг нэг удаа хэмжээд гаргаад ирдэг айхтар эд аж. Хамгийн орчин үеийн тех­нологи гэжГеологийн төв ла­бораторийн үйлдвэрлэл эрхлэл­тийн дэд захирал Л.Батзоригонцолж байв.  Түүнийг “Газрын ховор 16 элемен­тийн агуулгыг нэг бүрчлэн гаргаад ирэх боломжтой. Одоо бол нөөцөөрөө  Хятадын дараа орно гэсэн Дэлхийн банкны таамгийг л яриад байгаа.

Уранаа улстөр­жүүлэхгүй бол нөөц нь эхний  арав уу, хэд вэ гэдгийг гаргаад ирэх боломж бүрдсэн” гэж төхөөрөмжөө тайлбарлахад  ЦЭГ-ын дарга “Өмнө нь манайх чинь ийм төхөө­рөмжгүй байхдаа гадагшаа мөнгө зарж байж дээжээ шинж­лүүлдэг байсан. Гадагшаа  алддаг байсан мөнгө эндээ үлддэг болсон гэсэн үг. Энэ хэрээр Монгол гэдэг улсын уул уурхайн салбарт өрсөлдөх  чадвар нэмэгдэж байгаа юм. Чили, Канад, Австрали ингэж  чаддагтаа л өрсөлдөж байгаа хэрэг” гэсэн тайлбар нэмэв.

Эрдэс баялгийн элементийн агуулгаас гадна эрдсийнх нь агуулгыг шинжилдэг машин ч энд байна. Уран байлаа гэхэд хүчил­төрөгчийн нэгдэл үү, хүхэрт  нэгдэл үү гэдгийг тогтооход ядах юмгүй болж. Бүр ямар аргаар баяжуулж авах вэ гэдгийг тогтоох нь.  ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Агуу Ван Гог зургаа ямар  будаг ашиглаж зурсан бэ гэдгийг өнөөдөр бид шинжлээд мэдчихэж болно. Тэр үед хэрэглэж байсан будгийг гаргаад авах боломжтой гэсэн үг” хэмээн ярьж байв.

Эднийх Цацраг идэвхит ма­териалын лабораторитой болжээ. Өмнө нь цацрагийн цөөн төхөө­рөмж л байж. Одоо бол ураны дээжээс эхлээд шар нунтаг гаргах хүртэлх  бүх процесс явагдах юм байна. Монголын хоёр төрлийн ураны хүдрээр  стандарт загвар бэл­дэхээр ажиллаж байгаа аж. Ураны хүдрийг уусган баяжуулах, шар нунтаг гаргахаас эхлээд бүх л ажлыг энд хийх юм байна.  Лабораторитой танилцах үеэр  ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр  “Шар нунтагийн хамгийн анхны дээжийг  монголчууд өөрсдөө гаргаж авсан.

Энэ бол том ололт. Бид  шар нунтагтай болъё гэж мөрөөддөг байсан шүү дээ. Одоо мөрөөдлөө биелүүлчихлээ. Стандартынх нь  дагуу хийчихэд л болох эд. Монголчууд морь сургадаг шигээ ураныг сургаж  чаддаг болсон.Шинэчлэлийн Засгийн газар  мөрийн хөтөлбөртөө ураны асуудлыг шар нунтаг хүртэл нь шийднэ гэж заасан. Тэр хүртэл нь шийдэх чадамж бидэнд бий болчихсон” хэмээн ярьж байв.

Ураны дээж бэлдэх хэсэг  дээр очиход тэнд зогсч байсан ажилтан “Одоогоор дээж бэлдээгүй байгаа учраас орж болно” гэсэн зөв­шөөрөл өгөв. Ураны дээж бэлдэх үед бол гадны хүн нэвтрүүлдэггүй аж. Дээж бэлдээгүй ч гэсэн энэ хэсэг рүү нэвтрэх нь өөрийн гэсэн дэгтэй юм. Өрөөний наана хаалт болгож тавьсан вандан маягийн модны наад талыг ногооноор, цаад талыг нь улаанаар буджээ. Улаан хэсэг рүү нь гадны хүн орох хориотой аж. Биднийг ногоон хэсэг дээр сууж улаан хэсэг рүү хөлөө тавихын өмнөхөн  хамгаалалтын хувцас өмссөн эмэгтэй улавч өмсгөв.

Өлгүүрийн хажууд зогсох бүсгүй халаад өмсгөлөө. Ингээд ураны дээж бэлдэх хэсэг рүү орлоо. Цаад талын өрөөнд хамгаалалтын битүү хувцас, шүүлтүүртэй амны хаалт, малгай өмссөн залуу зогсоно. Ажил эхлэх үед ийм хувцас өмсдөг юм байна. Цацрагийн хэмжээг хэмжих жижиг хар аппарат энгэрт нь харагдана. Эндэхийн хэд хэдэн ажилтны энгэрт ийм аппарат харагдсан. Эндээс ураны тоос гадагшаа дэгдэх ямар ч боломжгүй аж. Тусгай филтер суурилуулжээ.  Уранаа хүхрийн хүчилд уусгаж, резинээр шүүж авч тунадас­жуулаад шар нунтаг гаргаж авах процесс энд өрнөдөг гэнэ. Энэ өрөөнд Архангай, Дундговь, Дорноговийн ураны гурван ордын туршилтыг хийжээ.

Л.Батзориг “Ордуудаа ашиг­лахад боломжтой болсон гэж ойлгож болно. Монголчууд шар нунтагаа өөрсдөө гаргаж  чадна гэдэг бол дэлхийн улс гэдгийн илэрхийлэл. Хоёрдугаарт ураны ордоос хичнээн хэмжээний юм олохыг нотолж чадаж байгаа нь бидний давуу тал” гэж ярьж байлаа.

эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …