Шинийн нэгний өглөө 08:30 цагт Төрийн гурван өндөрлөг Монгол улсын хамгийн ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлэн золгосон. Үүний дараа Төрийн гурван өндөрлөг Монголчууддаа хандаж сар шинийн мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Морин жил бол Монгол түмний хувьд хийх бүтээх жил байгаа
Нийт Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Өргөн хотлоороо сайхан шинэлж, сар шинэдээ сайхан орж байгаа гэж найдаж байна. Төрийн их ордонд хамгийн 93-107-той ахмадуудтайгаа золголоо. Энэ жил сайхан жил гарч байна. Морин жил гэдэг Монгол түмэнд хийморь буянаа өгсөн ийм сайхан жил байдаг. Морин жилд Монгол түмний түүхэнд олон сайхан үйл явдлууд тохиолддог. Энэ жил ч гэсэн Монгол түмний түүхийг урагшлуулсан, хөгжлийг урагшлуулсан, түүхийг улам баяжуулсан олон сайхан үйл явдлаар баяжуулсан дүүрэн жил болно гэдэгт итгэж байна. Бидэнд хийж бүтээх ажил их байгаа. 2014 он энэ морин жил бол Монгол түмний хувьд хийх бүтээх жил байгаа. Олон олон асуудлыг ард түмнийхээ тусын тулд бид шийдэх шаардлагатай, хийх ажлаар дүүрэн ийм агуулгатай жил болж байгаа. Өвгөд хөгшидөө хүндэлж, хүүхдүүдээ сайхан хүндэлж, соёл уламжлалаа түгээж, сайн зүйлсийг ярилцаж, сайхан ерөөл хэлэлцэж, нийт ард иргэд маань өргөн хотлоороо өнөр өтгөн сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол түмний маань буян заяа улам дээшээ мандан бадарч байх болтугай.
УИХ-ын дарга З.Энхболд: Монгол Улс анх удаагаа байгалийн баялагтайгаа зохицож ашигт малтмал ашиглах эрдэс баялагийн бодлоготой боллоо
Сайхан шинэлцгээж байна уу? Өнгөрсөн усан могой жил Монголчуудын хувьд сайхан жил байлаа. Улсын Их Хурал олон шийдвэр гаргасан. Түүнээс хэдэн шийдвэрийг онцолж хэлье. Монгол Улс анх удаагаа байгалийн баялагтайгаа зохицож ашигт малтмал ашиглах эрдэс баялагийн бодлоготой боллоо. Хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод гэлтгүй ялгаварладаггүй хөрөнгө оруулалтын хуультай боллоо. Хууль шүүхийн байгууллагын шинэчлэл үргэлжилж байна. Ирж байгаа модон морин жил монголчуудын хувьд их сайхан жил гарч байна. Өнгөрсөн жил хүн ам маань бараг гурван сая, мал 45 сая гарсан ийм сайхан өнтэй жил боллоо. Ингээд ирж байгаа модон морин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Олон сайхан зүйлийг Монголдоо хийж бүтээцгээе
Монголчууддаа сар шинийн мэнд хүргэе. Улиран өнгөрч байгаа могой жил маань та бидэнд үр өгөөжөө өгсөн, бүтээн байгуулалтаа босгосон ийм сайхан он жил байлаа. Одоо морин жил маань гарч байна. Морин жилдээ монголчууд маань айл өрх бүхэн хүн бүхэн улам их эрч хүчтэй байж, эрүүл энх байж хамтдаа их зүйлийг монголдоо хийж бүтээцгээе. 2014 оныг Шинэчлэлийн Засгийн газар “Монголдоо бүтээцгээе” гэж уриалсан байгаа. Энэ уриан дор эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бие биедээ дэм болж, бие биенийхээ хийж бүтээж байгаа бүхнийг дэмжиж тусалж, хамтдаа олон сайхан зүйлийг Монголдоо хийж бүтээцгээе. Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй. Гарч байгаа модон морин жилдээ бүгдээрээ эрүүл энх, аз хийморьтой явахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Эх сурвалж: www.dorgio.mn