“Монгол ньюс”–ийн хурлын танхимд Өчигдөр буюу 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Капитал банктай холбоотой шүүх хурлын талаар хэвлэлийн бага хурал болж, Капитал банкны төлөөлөл албан ёсны тайлбар, тодруулга өгсөн байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр Капитал банкны ажилтантай холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр болж, Т.Мөнхсүрэн А.Ариунболд, нарт холбогдох хэргийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Харин Санхүүгийн Удирдлагын газрын Хөрөнгө зохицуулалтын газрын диллерээр ажиллаж байсан иргэн Х.Мандахад банкны удирдлагыг хууран мэхлэх замаар бусдын хөрөнгийг залилан мэхлэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан тул 10 жил 1 сарын ял оноосон.
Хурлын үеэр: “Х.Мандах нь банкны удирдлагыг хууран мэхэлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн иргэн Н, А нараас арилжааны хэлцэл хийж валют арилжих нэрийдлээр мөнгө авч улмаар ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж, мөнгийг буцааж өгч чадахааргүй болсон тул дээрх иргэдээс авсан мөнгөө төлөх зорилгоор иргэн Б-с буюу түүний ББСБ-аас 954,0 сая төгрөгийг хувийн шугамаар өөрийн гэр бүлийн хүний дансаар дамжуулан шилжүүлж авсан байдаг.
Шүүх хэргийг хянан үзээд иргэн Х.Мандахын авсан 954,0 сая төгрөг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсанчлан, банк авч харилцагчийг хохироогоогүй болохыг, хувь хүмүүсийн хооронд хийгдсэн, банктай ямар ч холбоогүй болохыг тогтоож уг мөнгийг иргэн Х.Мандахаас гаргуулж, түүнд олгохоор шийдвэрлэсэн болно.
Банктай хийсэн хэлцлийн дагуу иргэн Н, А нарын дансанд мөнгө нь орсон боловч шүүхийн захирамжаар түр битүүмжлэгдээд байсан дансуудыг чөлөөлж, эдгээр иргэдэд уг дансуудад байгаа мөнгөө зарцуулах эрхийг шүүх хурлаас тогтоож өгснөөр банктай холбоотой ямарваа нэгэн төлбөр тооцоо байхгүй болж байгаа юм.
Энд тодруулж хэлэхэд хэвлэлүүдийн бичсэнээр банк, банкны удирдлага, тухайлбал Капитал банкны гүйцэтгэх захирал харилцагчийн мөнгөөр тоглоод 2 тэрбум төгрөг алдсан ямар нэгэн үйлдэл болоогүй бөгөөд Капитал банктай хэлцэл хийсэн харилцагчдад мөнгөн хохирол учраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Энэ удаагийн шүүх хурлын талаар хурлаас өмнө болон хойно банк, түүний удирдлага руу чиглэсэн янз бүрийн үйлдлүүд, тухайлбал нэр хүнд рүү нь халдсан, санаатай болон санамсаргүйгээр буруу ташаа, мэдээлэл цацсан явдал гарсанд үнэхээр харамсаж байна. Шүүх хяналтын байгууллагаар хянагдаж буй асуудлыг шүүхийн эцсийн шийд гарсны дараа албан ёсны, үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж байхыг хүсье” хэмээн Бизнесийн Хөгжлийн Газрын захирал Б.Ганбаатар онцлон хэллээ.
А.Галт