Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайг Монгол улсын стратегийн ач холбогдолтой ордны жагсаалтад оруулах эсэх асуудал хэд хэдэн Засгийн газар дамжин яригдаж явсаар Шинэчлэлийн Засгийн газрын үед бодит ажил болохоор шийдвэрлэгдсэн. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод оруулах саналыг УИХ-д өргөн барьсан юм. Энэ үйл явдалтай холбогдуулан Хөшөөтийн уурхайн 100 эзэмшигч МоЭнКо компани ажилчдынхаа дунд сул зогсолт тодорхой хугацаагүйгээр зарлаад байсан бол 6 сарын 6-ны өдөр өөрийн албан ёсны вэб сайтад хувьцаа эзэмшигчиддээ хандан гаргасан мэдэгдлийг “Зууны мэдээ” сонинд хэвлэгдснээр та бүхэнд хүргэж байна. МоЭнКо компани мэдэгдэлдээ “хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах боломжгүй, стратегийн ордны шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тухай өөрийн байр сууриа илэрхийлсэн” тухайгаа бичжээ. Хэзээнээс Монгол улсын уул уурхайн дотоод бодлогод оролцдог болсон юм бол. Уншигч та мэдэгдлийг бүрэн эхээр нь харахыг хүсвэл http://www.mongolia-energy.com/website/MEC/web/announcements.php дарна уу.
Ц.Мөнх