Бичихгүй байж чадсангүй

   Сэтгүүлч Жаргалын бичсэн “Хүн үү, мангас уу?” нийтлэл нийгэмд шуугиан тарьж энэ нийтлэлээс болоод төсвийн мөнгийг идэж уусан олон эрх мэдэлтнүүд шоронгийн хаалга татжээ. Энэ явдалд эмзэглэсэн нэгэн сайд сэтгүүлч Жаргалыг өөрийг нь шоронд “хатаах” арга сэдсэн байна. Ингээд эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнан бичдэг, олон болж бүтэхгүй зүйлийг илчилж, орон гэрээ хүртэл бусдын луйврыг илчлэхийн тулд барьцаалж, хувийн амьдралаа золиослон үнэний төлөө явсан сэтгүүлч Жаргал идсэн ууснаа нуух гэж улайрсан увайгүй сайдын гайгаар шоронд оров. Юу ч хийхээс буцахгүй сайд “юуг ч яаж ч болох хязгаар нь үгүй эрх мэдлийн амьд жишээ” бол сэтгүүлч Жаргал шоронгийн харанхуй өрөөнөөс “Хүний амьдрал, эрх чөлөө, амьдралд дурлан тэмүүлэх сэтгэл тортой хашаа, гав гинж, харгалзагчийн бороохой буу шийдэм, тамлал яргалал гээд юу эсийг үл тоон хязгаар нь үгүйгээр оршин байдгийг” мэдэрнэ. Харин сэтгүүлчийн эхнэр Болороо хязгаар нь үгүй хайр сэтгэлийн илэрхийлэл болон ихэмсэг оршиж байна. Энэ бол миний бичихгүй байж чадаагүй хязгаар үгүй хүслийн минь өдөөгч нь байлаа. Энэ өдөөгчийг И.Нямгаваагийн найруулсан “Хязгааргүй” нэртэй уран сайхны кино гэдгийг хэлье.

   АНУ-аас ирж шавь нарынхаа тоглосон “Хязгааргүй” киног найруулсан түүнийг хүмүүс “Гаваа иржээ” гэж киногоор нь уулга алдан угтаж байна. Монголд анх удаагаа /социализмын үеийн хяналтыг хэлээгүй болно/ киноны урьдчилсан үзлэг гэдэг зүйлийг “Хязгааргүй” уран сайхны кино хийж урлаг, соёл, хэвлэл мэдээллийн салбарын 25 төлөөлөлд үзүүлж санал шүүмжийг нь сонсов. Гэвч энд би тэдний үгийг дамжуулахгүй. Үзэгчид үзэж өөр өөрсдийнхөөрөө “хязгаар үгүй” тэр нэг зүйлийг мэдрэг.

А.Магнай

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …