Нийслэлийн нэг дүүргийн хорооны тоонд ордог ч алслагдсан аймгийн сум, багаас ч дор хөгжсөн газар XXI зуунд байна. Энэ бол Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу олны хэлж заншсанаар Шувуун фабрик, Туул тосгон юм. Хотынхныг өндөг, тахиа, гахай, мах, ногоогоор хангадаг гол газар болох Шувуун фабрикт өдгөө 4800 хүн аж төрж байна.
Уг нь хоттой харьцуулахад агаар нь цэвэр, хөрс нь эрүүл, амьдарч, суухад тохиромжтой газар. Гэвч айл өрх, аж ахуйн нэгжүүд шувууны сангасаа ил задгай асгадгаас болоод зуны улиралд байж суухын аргагүй эвгүй үнэр ханхийдэг аж. Энд хоёр айл тутмын нэг нь гахай, шувуутай. Үүнээсээ болоод эрүүл ахуйн талаар ярилтгүй болжээ. Дээхнэ үед гахай тэжээдэг айлуудыг төв суурингаас зайдуу байршуулдаг байсан. Гэтэл энд хүн амьтан холилдон аж төрж байна.
Шувуун фабрик орчимд хотын зам засвар, барилгын гол түүхий эд болох хайрга, дайрганы карьерууд үйл ажиллагаа явуулдаг.
Харамсалтай нь хайрга, дайрга ачсан том оврын машинууд дур зоргоороо зам гаргаснаас болж байгаль орчин сүйдэж, малын бэлчээр хомсоджээ.
Саяхны орсон борооноор Туул тосгоны Түргэний гол орчмын ногоо тарьдаг айлууд үерт автсан байна. Тус тосгоны тариаланч С.Нармандахынх л гэхэд тарьсан төмс, байцаа нь усанд автаж, үерээс орж ирсэн “Багро” үйлдвэрийн хагархай шилнүүд талбайгаар нь нэг шигээд, авах юмгүй болсон гэнэ. Энэ хавийнхан бараг зун болгоноор үерт автаж, ийнхүү эд хөрөнгөөрөө хохирдог болсон аж.
Үүнээс гадна Шувуун фабрикийнхан 5000 орчим иргэнтэй мөртлөө ахуйн үйлчилгээний нэг ч газаргүй. Тухайлбал энд үсчин, оёдолчин, гутал засварын газар гэж алга. Ийм үйлчилгээ авахын тулд нэг талдаа 800 төгрөг төлж байж хот руу ордог гэнэ. Тэр ч бүү хэл ганц байдаг эмийн сан нь хааяа нэг зурагчин хийж, энэ хавийнхны хэрэгцээ шаардлагыг хангадаг аж.
Түүнчлэн хүн амын хэрэгцээг хангах хүнс, барааны жижиг зах, түлээ нүүрс зардаг газар хэрэгтэй байгаа тухай Туул тосгоны иргэд ярьж байв.
Сургууль, цэцэрлэг нь байх ёстой хүүхдийн тооноосоо аль хэдийнэ давжээ. Эндхийн сургуульд хамгийн холдоо цэргийн 341 дүгээр анги буюу 10-аад км-ийн цаанаас хүүхдүүд хичээлдээ ирдэг. Харин цэцэрлэгт нь 75 хүүхэд хүлээн авах ёстойгоос 100 гаруй хүүхэд авдаг байна.
Эндээс хот руу дөрвөн автобус явдаг. Ингэхдээ том хүн 800, оюутан, ахмад настнууд үнэмлэхээ үзүүлээд 400, хүүхдүүд 200 төгрөгөөр явдаг аж.
Харин нэг авууштай нь энэ тосгонд зуны цагт ажилгүйдэл харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь ногоо, тариалангийн аж ахуй эрхлэгчид дулааны улиралд оюутан, залуусыг цагаар хөлсөлж ажиллуулдаг байна. Харин өвлийн улиралд ажилгүйдэл нэмэгддэг тухай хорооныхон ярьж байлаа.
Ийнхүү орчин цагт үсчин, зурагчин, ахуйн үйлчилгээний газаргүй суурин улс орны зах хязгаарт бус, хотын нэг захад дүнхийж байна.
Эх сурвалж: