Ерөнхийлөгч Виктор Януковичийг зугтаасны дараа Украины түр хугацааны төрийн тэргүүнээр томилогдсон Олександр Турчынов Европын холбоотой харилцаагаа гүнзгийрүүлэхэд онцгойлон анхаарна хэмээн мэдэгдсэн байна. Ингэхдээ “Бид Европын орнуудын гэр бүлдээ эргэн нэгдэх нь зүйтэй” гэжээ. Түүнийг парламентын гишүүдийн олонхийн саналаар түр Ерөнхийлөгчөөр томилсон юм. Тэрээр Януковичийн сонголтыг ч мөн хүндэтгэж, ОХУ-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн хэмээсэн байна. Гэхдээ цоо шинэ, шударга, эрх тэгш хөршийн зарчмаар харилцаагаа үргэлжлүүлнэ, Кремлийн тал Украины Европын холбоонд нэгдэх сонголтыг хүндэтгэх ёстой гэжээ.
ОХУ-ын зүгээс Киевт болж буй үйл явдлыг буруушааж, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украины сөрөг хүчин төрийн эрхийг булааж, жагсагчдад зэвсгээ хаяхыг уриалахын оронд өдөөн турхирч, хүчирхийллийг үргэлжлүүлэхэд хэзээд бэлэн байна” хэмээжээ. Түүгээр ч зогсохгүй Киев дэх Элчин сайдаа буцааж татсан байна. Гэхдээ Украины нөхцөл байдлын талаар зөвлөлдөх шаардлагаар дуудуулсан гэсэн тайлбар хийжээ.
Д.Үүлэн