Өмнөд Солонгос Пхеньяны цөмийн төхөөрөмжүүдийг гэмтээх зорилгоор кибер халдлагын төхөөрөмжүүдтэй болохоор төлөвлөжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, уг төхөөрөмжүүд нь Ираны уран баяжуулах үйлдвэрийн сүлжээнд халдахаар бүтээсэн “Stuxnet” кибер зэвсэгтэй төстэй байх гэнэ.
Тус яам энэхүү төлөвлөгөөгөө өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан хэмээн “Yonhap” агентлаг мэдээлжээ. Хойд Солонгос улс 2006 онд цөмийн зэвсгийн амжилттай туршилт хийсэн хэмээн мэдэгдсэн нь бүс нутаг даяар түгшүүрийн дохио өгсөн юм. Бүс нутаг болон дэлхийн улс орнууд тухайн цаг үеэс хойш цөмийн зэвсэгтэй болох Хойд Солонгосын амбийцыг хазаарлах янз бүрийн оролдлогууд хийж эхэлсэн байдаг.
Өмнөд Солонгосын хувьд Пхеньяны цөмийн төхөөрөмжид гэмтэл учруулах төлөвлөгөөгөө 2010 онд эхлүүлсэн бөгөөд кибер зэвсэгтэй болох нь тус төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болж байгаа аж. Гэвч кибер зэвсэгтэй болох нь, ялангуяа энэ зэвсэг буруу хүний гарт орвол маш аюултай хэмээн мэргэжилтэн шинжээчид анхааруулсан байна.
Д.Үүлэн