Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганбаттай ярилцлаа.
–Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөж, хэрэгжүүлэхээр заасан. Хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласны хувьд та энэ хуулийн хэрэгжилтийн байдлыг ажиглаж, хэрэгжилтийн үр дүн эхнээсээ гарч эхэллээ гэж ярьж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго бол алтны нөөцийг нэмэгдүүлэх. Өмнө нь алт тушаагдахгүй, тушаасан ч бага байлаа. Ихэнхи нь далд байдлаар гадагшаа гарч, манай улс оронд өгөөжөө өгдөггүй байсан. Тиймээс ч монголчуудыг урьд нь алтан дээр суусан гуйлгачид гэдэг байсан бол өнөөдөр хоосон нүхэн дээр суусан гуйлгачид болчих гээд байлаа. Үүнд нөлөөлж байсан гол хүчин зүйл нь алтны татвар маш өндөр буюу 10 хувиар тогтоогдож байсан. Гэтэл манай хөрш улсууд нэг нь хоёр, нөгөө нь дөрвөн хувиар тогтоосон, маш уян хатан бодлоготой. Уг нь бол эдийн засагчдын тооцоогоор Монгол Улс жилдээ 16-40 тонн алтолборлодог. Энэ алт нь Монголдоо үлдэх боломжтой гэсэн тооцоо байдаг. Алтны нөөц сайн байх нь хөрөнгө оруулалтын баталгаа болж, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулдаг учиртай. Ашигт малтмалын тухай хуулийн өөрчилсөн гол заалт бол алт олборлогчид Монголбанк болон арилжааны бусад банкуудад алтаа тушаасан нөхцөлд 2.5 хувийн татвар төлнө. Хэрэв тушаахгүй гадагш нь гаргана гэвэл 10 хувь нь хэвээрээ байна. Харин гуравдахь зам буюу далд байдлаар гаргавал гэмт хэрэгтэн болж орлогоо хураалгана гэсэн заалт байгаа. Хуулийн энэ өөрчлөлт нь аж ахуйн нэгжүүдэд ч, Монгол Улсад ч ашигтай зүйл, заалт болж чадсан. УИХ дээр хууль 53.3 хувийн саналаар батлагдсан байгаа.
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш алтны нөөцөд өөрчлөлт гарсан уу?Тухайлбал, нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна уу?
-Хууль батлагдсанаас хойш бараг сарын хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр Монгол банкны Ерөнхийлөгчтэй болон Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзаж мэдээлэл солилцоход алт тушаагдаад эхэлсэн байна. Өдийд 300-400 кг алт экспортолдог байсан бол одоогоор 1 тонн алт экспортоор гарчихсан байна. Мөн хуучинтай харьцуулахад тушаагдаж байгаа алтны хэмжээ 3-4 дахин их байгаа зэргээс харахад цаашдаа алтны нөөц 16-40 тоннд хүрэхээр байна. Ингэснээр валютын ханш тогтворжих нь ээ гэсэн баяртай мэдээ дуулгаж байна.
-Хуулийн төслийн хэлэлцүүлэг маш их маргаантай явагдсан. Гишүүд ямар зүйл заалтууд дээр хамгийн их зөрчилдөж байв?
-Энэ хууль “Оюу толгой”-д хамаатай эсэх талаар их ярьж байсан л даа. Ер нь хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Энэ хууль ч ялгаагүй Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олборлолт хийж байгаа бүх аж ахуйн нэгжид адил хамаарна. Хуучин нэг хэсэгт нь зориулж баталсан хуулиуд байсан байж болох юм. “Оюу толгой” жилдээ хүдэр дотроо 20-иод тонн алт олборлодог гэж үздэг. Тэр нь хүдэртэйгээ хамт гадагшаа гардаг байлаа ч гэсэн таван хувийн татвар төлөх гэрээний заалттай. Харин татварын хөнгөлөлттэй орчин бүрдсэн бол тэр сонголтыг хийх эрхтэй. “Оюу толгой” компани эх оронч байж, Монгол Улсад үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаагийн хувьд сонголтоо зөв хийж, 2.5 хувийг сонгох болов уу гэсэн бодолтой байна. Ингэхдээ Монголбанкнаас явуулж байгаа менежментийн хүрээнд зохих хуулийн дагуу гэрээ хэлэлцээр хийгээд явах бүрэн боломж байгаа. Улсын Их Хурал хуулиа гаргаад та бүхний төлөө нэг алхам хийлээ, харин одоо та бүхэн нааштай нэг алхам хий. Бид нэг л зорилгын төлөө явж байгаа. Бид эсрэг талууд биш, бид харин хамтарч ажиллах ёстой.
Шүүмжлэл дагуулдаг бас нэг юм бол, алтаа тушаалаа ч гэсэн тушаасан мөнгөөрөө буцаагаад валют худалдаж авдаг гэсэн яриа ихээр явж байсан. Харин өнөөдрийн байдлыг харахад тийм биш байна. Үнэхээр манай улсын эдийн засаг баталгаатай, тогтвортой болоод ирэхийн бол хүмүүс төгрөгөөр хадгаламжаа байршуулдаг, өндөр хүү авдаг, хөрөнгө оруулалт нь нэмэгддэг болно. Ийм байдал 2010, 2011 онд үнэхээр байсан, хүмүүс тэр байдал эргээд ирнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн цагаан сараас хойш валютын ханш бага зэрэг нэмэгдчихсэн байна, гэхдээ энэ хуулийг баталж чадаагүй байсан бол энэ өсөлт 2000 төгрөгөөс даваад явчих байлаа, харин одоо ханш улам тогтвортой болно гэж хэлэх байна. Яагаад гэвэл, алт эргээд тушаагдаж байна, монгол төгрөгийн баталгаа болсон алтны нөөц нэмэгдэж байна. Тэр ч байтугай тоглоом шоглоомоор “Монголбанкны зооринд манай алт багтахаа болих нь” гэж яригдаж байгаа.
-Таны ярианд хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой гэж хэд хэд гарлаа. Энэ хууль хэн нэгэнд ялгаатай үйлчилж магадгүй гэсэн хардлага байсан юм уу?
-“Ногоон гэрэл”-ийн компаниуд гээд тусад нь гэрээ хийчихдэг, тусад хууль, журам гаргадаг, гадаадын улс орнуудтай хийсэн гэрээ нь Монгол Улсын хуулиас илүү хүчин төгөлдөр үйлчилнэ гээд заагаад өгчихдөг байсныг ард иргэд маань ч мэдэж байгаа. Үүнийг зогсоож, Монгол Улсынхаа хуулиар л явъя. Хууль бүгдэд тэгш үйлчлээд, бүгдэд адил боломж олгоё гэж байгаа. “Оюу Толгой” ч гэсэн энэ хуулинд захирагдах нь зөв зүйтэй гэж үзэж байгаа.
-Монголбанкинд байгаа алтны нөөцийг нэмэгдүүлэхэд алтны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа нөлөө бүхий ямар компаниуд байгаа вэ?
-Миний ойлгож байгаагаар “Бороо гоулд” байгаа. Тухайн үед яг түрүүний ярьсан шиг хууль ялгаатай үйлчилж, алтны нөөц нь 20 тонноор тогтоогдсон ч гэрээндээ татваргүй байхаар зааж өгснөөр Монголбанкаар дамжуулахгүйгээр алтаа шууд гадагш нь гаргаж байсан. Харин сая Монголбанкны Ерөнхийлөгчтэй мэдээлэл солилцоход энэ компани өнөөдөр хуулинд баригдаад гэрээ хийлээ, бүх алтаа тушаахаар болж байгаа гэж байна. Тэгэхээр бид 16-20 тонн алттай болох нь бол баталгаатай болж байна. Дээр нь” Оюу толгой” нэмэгдээд ороод ирвэл 40 тонн алттай болно. 30, 40-оод тонн алт гэдэг бол 1 сая унци алт гэсэн үг. Ингэхээр жилдээ нийтдээ тэрбум гаруй 2 тэрбум орчим долларын нөөцтэй болно. Алтны ханш ч бага багаар өсч байна. Энэ бүхэн манай төгрөгийн худалдан авах чадварыг хангалттай өсгөж чадна. Үүнтэй зэрэгцээд бид экспортоо сайжруулах ёстой. Засгийн газар дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй, нүүрсээ, төмрийн хүдрээ гаргах тал дээр анхаарах хэрэгтэй. Ер нь бол уул уурхай дээрээ түшиглэж байж бид хөгжинө.
-Та сая хөдөө орон нутагт ажиллаад ирсэн байна. Ашигт малтмалын хуультай холбоотой иргэдийн санал бодол ямар байна?
-Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд алт олборлолтоос болоод Шар усны гол гээд сайхан гол байсан нь татраад, сумын төв ундны усгүй болж, 50-60 км холоос усаа зөөдөг болсон байсан. Сүүлийн нэг, хоёр жил алт олборлоогүй. Ус буцаад урсаж байгаа. Гэтэл нөгөө компани маань алтаа олборлохоор болсон байна. Урт нэртэй хуулиар гол ус,ой модтой газар олборлолт явуулах эсэхийг хуулийн хүрээнд нэг мөр шийдэх нь зүйтэй. Нэг хэсэг нь энэ хуулийг болиулах тухай ярьж байгаа. Нөгөө талд нь энэ хууль байх ёстой гээд хүмүүс тэмцэж байна, миний явсан газарт ч гэсэн орон нутгийн иргэд үүнийг дэмжиж байна.Би ч бас тодорхой газарт олборлолт явуулахын тулд нутгийн иргэдийн саналыг авах нь зүйтэй гэж үздэг.