Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Олександр Турчинов эх орон нь хуваагдах аюултай байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Учир нь Виктор Януковичийг хүчээр буулгасан явдал нь Украйн дахь орос хэлтнүүд амьдардаг бүс нутгийнхны дургүйцлийг төрүүлж байгаа юм. Лхагва гарагт буюу өнөөдөр Украйны шинэ Засгийн газрыг байгуулахаар төлөвлөж байсан ч хойшлуулахаар болсон байна.
Европын холбооны зүгээс Украйныг нэн даруй шинэ Засгийн газраа байгуулбал тус улсад санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Гэхдээ “Олон улсын хандивлагчдын зүгээс сул дорой, бүрэн эрх нь баталгаажаагүй Засгийн газарт ийм том хэмжээний санхүүгийн тусламж өгөхгүй” гэж “HIS Global Insight”-ийн ахлах эдийн засагч Лилит Жеворжян мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын Сангийн дэд сайд Украйныг өрөө төлөх чадваргүй болох магадлал өндөр байна хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын зүгээс Украйнд үзүүлэхээр болсон 15 тэрбум ам.долларын санхүүжилт тасалдаж магадгүй гэдгийг харуулж байгаа юм.
Үүний зэрэгцээ АНУ болон Европын холбоо Украйны шинэ Засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж амлаад байна. Харин Украйны Төв банкны шинэ Ерөнхийлөгч Степан Кубивын гаргасан саналын дагуу Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Украйн руу төлөөлөгчдөө илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ хугацаанд 2023 онд хугацаа нь дуусах Украйны Засгийн газрын бондын өгөөж 9.55 хувь болж нэмэгдээд байгаа бол гривнягийн ам.доллартай харьцах ханш 6.4 хувиар суларсан байна.
Д.Үүлэн