Үе үехэн дуулиантай үйлдлээрээ олны анхаарал татдаг “Хас” банкыг үүсгэн байгуулагчдын нэг Ч.Ганхуяг энэ удаад модны хулгайчидтай хатуу тэмцэх ёстой гэдгийг өөрийн Нүүр номоороо дамжуулан олон нийтэд уриалжээ. Түүний оруулсан постыг уншигичддаа хүргэе.
Мод цавчсан зурагны сэтгэгдлээс:
Төрөө л буруутгах юм. За, тэр ч маньд ямар хамаа байхав гэлтэй. Би ч зарим нөхдийнхөөр бол энэ зургийг тавьснаар буруутах нь. Өөрийгөө сурталчиллаа л гэнэ. Энэ хүнийг хайрласангүй л гэнэ. Дуугуй сууж бай л гэнэ. Тийм ч юм уу? Би яах гэж өөрийгөө, та хэдийг энд оролдоод байгаа юм бэ?
Гагцхүү буруутай би эвлэрмээргүй байх юм. Шударга бусын хажуугаар дуугуй өнгөрмөөргүй байх юм. Өөрөө өөртөө би буулт хиймээргүй байна. Энэ зурган дээрх хүний байдалд орчоогүй, ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа, сайхан амьдралыг мөрөөдөж, цуцахгүй хөдөлмөрлөж, мөрөөдөж, тэмүүлж, өөртөө, өрөөлд боломж бий болгохын төлөө зүтгэж ирсэн, одоо ч зүтгэж байгаа, өнгөтэй өөдтэй юм эдэлсэн хүн бүхэн буруутай гэдэгтэй би хэзээ ч санал нийлэхгүй. Наад хэвлэлээр захиалгаар харлуулсан бүхнийг яг таг тэр чигээр нь битгий хүлээж аваач, залуусаа. Үнэн, худал, зөв, бурууг шүүхээр тогтоотол хүнийг буруугүй гэдэг зарчмыг урьтал болгож, зарчмаа болгоё.
Худлаа хэлж, хулгай хийсэн арав хорин адгийн нөхдөөс болж хөлсөө урсгаж баялгийг бүтээж, энэ улсыг нуруун дээрээ авч яваа хэдэн арван мянган бизнес эрхлэгч, ажил олгогч, татвар төлөгч, баялаг бүтээгчдийн урмыг битгий хугалаач. Гууя.
Зөвхөн ядуу тарчиг амьдралтай, малаа зуд, шуурга, залхуу, арчаагүй байдалд алдчихаад, хотод нүүж ирэн ажилгүй, орлогогүй, халтуур хийж, олсон хэдээрээ архи уудаг, мэргэжилгүй, юм хийхийг хүсдэггүй, бүтэлгүй хэдийг алдаршуулахаа болиоч.
Өөрсдийгөө бод – ийм амьдралыг юунд хамгаална вэ? Хүүхэд, багачуулаа бод – тэд баян чинээлэг амьдрах нь жигшүүртэй юм гэдэг ойлголттой болж байна. Өрөөлийг бод. Улсаа бод. Ядуурал бол жигших зүйл мөн. Ядуурлыг бид байхгүй болгох хэрэгтэй. Эвлэрч хэзээ ч болохгүй. Ядуу хүнд хүргэх тус бол ажилтай болгох. Ухамсрыг нь өөрчлөх. Хүүхдийг нь боловсролтой, мэргэжилтэй, хамгийн гол нь сэтгэлтэй болгох үүрэг бидэнд, төрд ноогдоно.
Бид социализмыг үзсэн. Бүгд жигд цалинтай, ажилтай байх гэж оролдсон. 70 жил. Одоо тийшээ буцмааргүй байна. Чадалтай нь, мэргэжилтэй нь, мэдлэгтэй нь, боловсролтой нь, илүү хөдөлмөрлөдөг нь, сэтгэдэг нь, зоригтой, зорилготой, зогсолтгүй хөдөлдөг нь, хамгийн гол нь сэтгэлтэй нь арай илүүг олж авч, амьдралаа авч явдаг жамтай энэ нийгмийг орхиод тэгшитгэсэн, захиргаадсан, цагаа бүртгүүлээд, цалингаа авдаг, олон даргатай, хомсдлын нийгэм рүү энэ Улсаа битгий эргүүлээрэй. Чин сэтгэлээсээ хүсье. Захья. Гуйя. Юу ч болсон үүнийг битгий мартаарай, залуусаа. Энэ Улсын ирээдүй та хэдийн гарт байгаа шүү. Энэ гэгээтэй сайхан хаврын нэгэн өдрөө, хүлээж байгаа амралтын өдрүүдээ аятай, зугаатай, тухтай, тавтай, хамгийн гол нь эвтэй өнгөрүүлэхийг хүсье.
Жич: Мод тайрч байгаа хүн таарвал зогсч зургийг нь ав, ойн цагдаад мэдэгд, бусдад харуул, хэл хүргэ, Оюун сайд, Бат-Үүл даргад хүргэ. Өөрийнхөө хүүхдүүдийн төлөө үүнийг хий. (Би Оюун сайдад өчигдөр хэлсэн. Арга хэмжээ авна гэнэ лээ)
Ganhuyag Chuluun Hutagt