Пакистаны Исламабад хот дахь шүүхийн байрны ойролцоох гудамжинд халдлага болж, хамгийн багадаа 11 хүн амь үрэгдсэн талаар тус улсын Ерөнхий сайдын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Шүүхийн цогц байр луу галт зэвсэг болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар халдлагын улмаас амь үрэгдэгсдийн дунд шүүхийн шүүгч байгаа гэнэ.
Халдлага болсон бүс нутгийг бүрэн хамгаалалтад авч, бүс нутаг дахь сургуулиудыг түр нүүлгэн шилжүүлээд байна. Цагдаагийнхан бараг 30 орчим хүн шархадсан талаар мэдэгджээ. Цагдаагийн байгууллагын албан төлөөлөгч Наби Аван “Хэд хэдэн үл мэдэх хүн галт зэвсэгтэйгээр шүүгчид болон хуульчдын байрлаж байсан газар луу халдсан. Энэ үеэр тэд мөн гранат хэрэглэсэн” гэжээ. Мөн Исламабадын цагдаагийн газрын дарга Сикандар Хаяат сэтгүүлчдэд хэлэхдээ халдлага үйлдэгчдийн хоёр нь цагдаагийнханд бүслэгдмэгцээ өөрсдийгөө дэлбэлж, амиа хорлосон гэсэн байна.