Оросын төрийн мэдлийн “Газпром” компани ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Украйнд хөнгөлөлттэй үнээр байгалийн хий нийлүүлэхээ зогсоохоор болсноо зарлалаа. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэр энэ талаар ярилцсан байна. Үүнээс гадна ОХУ Каспийн тэнгисийн ойролцоо тив дамнан харвах чадалтай пуужинг туршилтын зорилгоор байрлуулсан талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд мэдээллээ.
ОХУ-ын хувьд өнгөрсөн бямба гарагт Украйны Крымд цэргээ оруулснаас хойш тус газарт ОХУ-ын 16 мянган цэрэг байрлаж байгаа юм. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссены мэдэгдсэнээр Украйны асуудлаар НАТО-гийн төлөөлөгчид ОХУ-ын талтай өнөөдөр буюу лхагва гарагт уулзахаар болжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Украйны нийслэл Киев хотод мягмар гарагт айчлах үеэрээ Украйны шинэ эрх баригчидтай уулзаж, ОХУ-ыг хүчтэй шүүмжилсэн байна.
Түүнчлэн улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаатай зэрэгцээд өнгөрсөн даваа гарагаас хойш рублийн ханш ам.долларын эсрэг 1.8 хувиар суларсан байна. Харин Оросын Төв банк валютын ханшийг тогтвортой байлгахын тулд 12 тэрбум ам.доллар зарцуулж, бодлогын хүүгээ огцом нэмсэн юм. Мөн MICEX индекс 13 хувиар суларсан боловч мягмар гарагаас сэргэж эхлээд байна.
Д.Үүлэн