Украинд болж байгаа улс төр, эдийн засгийн хямрал Европын бараа таваарын үнэд нөлөөлж эхэллээ. Европын холбооны биржүүдэд байгалийн хий, газрын тосны үнэ нэмэгджээ. Өчигдрийн байдлаар Европын холбооны таваарын биржүүд нээгдсэнээс хойш нэг цаг өнгөрөхөд газрын тосны үнэ 1.6 хувиар, шатдаг хий гурван хувиар, улаан буудай 4.5 хувиар нэмэгдлээ.
Харин Оросын хөрөнгийн биржүүд дээр өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй гэсэн сургаар томоохон компаниудынх нь үнэт цаас 10 хувь хүртэл унажээ. Газар тариалан өндөр хөгжсөн Украин улсын ургацын хэмжээ Европ төдийгүй дэлхийн зах зээлд нөлөөлдөг.
Тиймээс Украинд болж буй үймээн буудайн үнийн өсөлтөд ч нөлөөлж эхлээд байгаа юм. Түүнчлэн баруун Европын хэрэглэгчдэд зориулагдсан Оросын шатдаг хийн 30 хувь нь Украины хоолойгоор дамжин өнгөрдөг. Тиймээс Украинд байдал яаж эргэхээс шалтгаалж дээрх хоёр бүтээгдэхүүний үнэ огцом өсөх, буурах эсэх нь шалтгаалах юм.
Д.Үүлэн