Дэлхийд анх удаа таблет интернэт кафе нээлтээ хийлээ
Дэлхийн компьютер технологийн хөгжлийн чиг хандлагыг таблетууд тодорхойлж байна. Энэхүү компьютерийн хүчин чадал нэмэгдэж, гэрийн компьютерийн үүргийг маш сайн гүйцэтгэх болсон юм.
Тэгвэл дэлхийд анх удаа таблет интернэт кафе Сенегал улсад байгуулагджээ. Ингэснээр Дакар хотын интернэт кафены төдийгүй олон улсад үлгэр жишээ болсон байна. Африк дахь “Google” компанийн төлөөлөгч Тидиане Дэмэ AFP-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол дэлхийн хамгийн анхны таблет кафе юм. Үйлчлүүлэгчид таблетуудтай харьцаж сурч байна. Хүмүүст технологийн хөгжлийг мэдрүүлэх нь бидний зорилго” гэжээ.
“Equinoxe” хэмээх интернэт кафены эзэн, 33 настай Мэдоуне Секийн ярьснаар тэрбээр 6 жилийн өмнөөс интернэт кафетай болох зорилт тавьсан байна. Персонал компьютерүүд худалдан авч интернэт кафегаа нээсэн ч цахилгаан тасралт их байсан тулд нэлээд хүндрэлтэй учирсан аж.
Мэдоуне Сек сэтгэлээр унасангүй. Тэрбээр Африк дахь “Google” компанитай хамтран ажиллаж интернэтийг олон нийтэд түгээх ажлаа өнгөрсөн оноос эхэлжээ. “Equinoxe” кафед 15 таблет компьютер ашиглагдаж байна. Өнгөрсөн жилүүдийг бодвол Сенегалын хотуудад цахилгаан тасалдах нь харьцангуй багасчээ.
Мэдоуне Сек “Сенегал, Африкт таблет компьютеруудын эрин үе ирж байна. Персонал компьютеруудыг бодвол таблет зардал багатай. Мөн харьцангуй бат бөх юм. Цахилгаан тасарсан үед цэнэгээ дуустал ажиллах боломжтой” гэжээ.
Таблет кафегаар нэг цаг үйлчлүүлэхэд 300 франкийн (80 цент) үнэтэй аж.
Г.Ганаа