Сайдаасаа дээгүүр эрх мэдэлтэй хурган дарга нарын балаг

images (1)Улсын 16 байцаагчийг ажилгүй болгосон нь өдгөө улсын дугаарыг  шинэчлэх гэж улайран зүтгэж байгаа эрх мэдэлтнүүдийн хийсэн ажил гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Улсын 16 байцаагчийг хууль бусаар нэг жил гаруй цалинжуулжээ.

Зам тээврийн яамныхан 16 хү­ний амьдралыг ор­вонгоор  нь эргүүлжээ.  Гэхдээ энэ үйлдлийг Зам тээврийн яамны нэгэн эрх мэдэл  бүхий албан ту­шаалтан хийсэн байна.

Тодруулбал тус яам Авто тээврийн 16 улсын байцаагчийг ажилд томилсон тушаалгүйгээр нэг жил зургаан сар орчим цалин өгч тэднийг хаа хамаагүй газар гэрээт ажилчнаар ажиллуулж байснаа өнөө­дөр гудамжинд лааз өшиг­лүүлэхэд хүргэжээ.

Зам тээврийн яам хяналт шалгалтаа умартаж улсын дугаар руу бүх анхаарлаа хандуулжээ

Дээрх нэр бүхий 16 улсын байцаагч яагаад чухам өнөөдөр ийнхүү гудамжинд гарч хэнд ч хэрэггүй хүмүүс болцгоов гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм.  2012 онд Авто тээврийн газар татан буугдсанаар тус агентлагт ажиллаж байсан авто тээврийн хяналтын ул­­сын байцаагчид Зам тээв­­рийн яаманд шилжиж ир­жээ. Ингээд 2012 оны ес­дүгээр сараас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батзаяагийн ту­шаалаар хяналтыг хамтран хэрэгжүүлэхээр “Авто тээв­рийн үндэсний төв”-д  гэ­рээ байгуулан байцаагчдыг шилжүүлэн ажилуулсан нь өнөөдөр ийм байдалд хүр­гэсэн гэж ойлгож бол­но. Товчхондоо Төрийн на­рийн бичгийн даргын гар­гасан энэхүү тушаал шийд­вэр нь төрийн нэрийн өмнөөс хяналт хэрэгжүүлж буй байцаагчид улсын тө­сөвт үйлдвэрийн газарт харьяалагдан ажиллаж бай­гаа нь Авто тээврийн ту­хай хуулийн 20.6 дахь заал­тыг маш ноцтойгоор зөрчсөн байгаа юм.

Бүр тодруулбал   уг хуу­­л­­ийн заалтад “Тө­рийн захиргааны төв байгуул­­­ла­гууд, Засгийн газ­­­рын тохируулагч, хэрэг­жүү­лэгч агентлагийн үйл ажил­­­ла­гааны онцлогийг харгалзан тэдгээрт авто тээврийн  хя­налтын улсын байцаагчийг ажиллуулж болно” гэж заасан байдаг бөгөөд энэ заалтыг зөрчсөн байгаа юм. Уг нь хуульд зааснаар бол дээрх 16 байцаагч Хяналтын улсын байцаагчийн газар буюу яамны харьяанд ажиллах ёстой байсан гэсэн үг. Гэтэл тэдний хийх ёстой ажлыг Зам тээврийн яам булаан авснаас болж Төрийн нэрийн өмнөөс хяналт тавьж ажиллах тангараг өргөсөн төрийн албан хаагчид өөрсдөд нь оногдох ёстой байсан үр дүнгийн гэрээ болон бусад бүхий л тэтгэмжээ эдэлж чадахгүйд хүрсэн байна.

Маш энгийнээр тайл­бар­лахад амьдрал дээр бүртгэл хяналт хоёр нэг дор байж болохгүй гэдгийг учир мэ­дэх хүмүүс хүртэл хэлж байна.  Зүй нь бол Зам тээв­рийн яам дээрх байцаагч нарын хийсэн бүртгэлийг хянаж шалгах ёстой байтал бүртгэлийн “бизнес” гээчийг нь  ийнхүү булаан авах бол­сон нь араасаа маш олон сөрөг асуудлыг дагуулсан гэсэн үг.

Ажилд томилоогүй мөртлөө цалин олгох нь хууль бус үйлдэл биш гэж үү

Тухайлбал тэд өнөөдөр хууль бусаар нэг жил га­руйн хугацаанд цалинтай ажил­ласан хэдий ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын цалингаа авч чадаагүйн ул­маас тэдний нийгмийн даатгал ч төлөгдөөгүй бай­на. Аргаа барсан хүмүүс нийг­мийн даатгалаа тасал­дуулахгүйн тулд “бид ху­виа­раа мөнгөө төлье” гэхэд нь нийгмийн даатгаалын бай­­цаагчид “эхлээд ажлаас халагдсан тушаалаа авч ир” гэсэн байдаг. Мөн тэд ажилтайгаа үлдэхийн тулд “Цалингүй ч байсан ха­маагүй бид ажиллая.  Ху­ваарь хийгээд өгчих” гэж хэдэн дарга нарынхаа үү­дийг сахиж өдөр хоногийг өнгө­рөөх болсон байна.

Хамгийн инээдтэй нь дээрх 16 байцаагч Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан нэг жил орчим хугацаанд цалин авсан байдаг. Уг нь тэд тус газраас цалин авах биш энэ дотор ажиллаж байгаа хүмүүсийг шалгах ёстой субьект нь байсанд хамаг учир оршиж байгаа бөгөөд дээрх нэр бүхий хүмүүс яамны албан тушаалтны их хэмжээний мөнгөний урсгалыг хаах гээд байгаа учраас тэднийг ингэж золигт гаргаж байгааг гэдгийг эх сурвалжуул хэлж байв.

Мөн ажил олгоогүй мөртлөө дээрх байцаагчдын улсад оруулсан торгуулийн төлбөр болох 460 орчим сая төгрөг хуульд нийцсэн үйлдэл болох уу гэдэг нь анхаарал татаж байна. Товчхондоо байцаагчид ажилд томилсон тушаалгүй мөртлөө аж ахуйн нэгж болон хувь хүмүүсээс торгууль авсан гэсэн үг.

Мөн ажилд томилогдсон ту­шаал шийдвэр нь гараагүй байхад яагаад тэдний  улсын байцаагчийн эрхийг нь сунгав гэдэг нь ч бас л сонин.   Эдгээр үйлдлүүдийг төрийн байгууллагын ажил хэрхэн ямар сэжмээр явдгийн нотолгоо ч гэж хэлж болох юм.

Сайдаасаа илүү эрх ямбатан  тус газарт байна

Энд бас нэгэн сонирхолтой ба­римтыг дурьдахад хуучин Авто тээв­рийн газар 40 гаруй сая төгрөгөөр улсын дугаарын бүрт­гэлийн прог­раммыг шинэ­чилсэн байдаг.  Ингэх­дээ одоо Зам тээврийн яаманд нэлээн эрх дарх­тай албан тушаал хашиж буй  нэгэн эрхмээс шахаагаар авсан гэдэг. Гэтэл өөрийнхөө шахсан прог­­­раммыг “маш муу болж” гээд А.Гансүх сайдаар мөнгө батлуулж төсөвт оруулсан байх юм. Энэ мэтчилэн бүхэл бүтэн яам сайдынхаа гарт биш түүний нэг ал­батаас болж ийнхүү уруудан доройтож байна гэж үзэж ч болох юм. Хэдийгээр энэ хэргийг  дээрх байцаагчид  олон нийтэд ил болгохгүй бид ажилтай болох хэрэгтэй гэж үзэж байгаа ч энэ хууль бус үйлдлийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт өөрсдийн учир зовлонгоо тоочсон хү­­сэлт хүртэл хүргүүлсэн бай­даг юм. Тэгэхээр энэ тухай асууд­лыг холбогдох хууль хянал­тын байгууллага нь шалгаж ажил олгоогүй мөртлөө татвар төлөгчдийн мөнгөөр тэднийг цалин­жуу­лах нь зөв үү, мөн улсын байцаагчийн эрхийг нь сунгах зөв үү  гэдгийг ч шалгаж тогтоох хэрэгтай байх. Энэ бүхний цаана хэн нэгний халаас руу их хэмжээний мөнгө орж байгаа тухай яамныхан шивэр авир хийдэг нь ч өдгөө нууц биш юм.

Бид дараагийн дугаартаа Зам тээврийн яаманд сай­даасаа илүү эрх ямба эдэлж буй нэгэн эрхмийн тухай, мөн улсын дугаарыг хэн гэгч этгээд шинэчлэхээр хан­цуй шамлан улайрч бай­гаа, түүнчлэн  дээрх 16 байцаагчийн эрхийг  нэр бүхий этгээд хэрхэн хөн­дөж өөрт ашигтайгаар ажил­лаж байгааг тодорхой баримт­тайгаар дэлгэх болно.  

Үргэлжлэл бий…

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …