Нью-Йоркт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр ОХУ-ын Элчин сайд Виталий Чуркин Москвад Украинтай дайтах ямар ч хүсэл сонирхол байхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Уг хуралд Украины шинэ Засгийн газрын Ерөнхий сайд Арсений Яценюк оролцсон бөгөөд ноён Чуркины хувьд түүний асуултуудад хариулт өгчээ. Чуркин энэ үеэр Крымын ОХУ-д нэгдэх талаар асуудал дээр ард түмнийх нь хүсэл зорилгоороо шийдэх асуудал хэмээсэн Кремлийн байр суурийг дахин илэрхийлсэн байна.
Харин ноён Яценюкийн хувьд тус хурал дээр Украин улс ОХУ-ын түрэмгийллийн хохирогч болж буйг онцолжээ. Тэрээр Москва олон улсын хэм хэмжээ, гэрээ контрактыг зөрчиж буйн нэг жишээ болгож НҮБ-ын зарим шийдвэр, конвенцын хуулбарыг авчирсан байжээ. Гэхдээ тэрээр асуудлыг эв зүйгээр шийдэх боломж байсаар байгааг ч хэлсэн байна.
Энэ зуур Украины зүүн бүсийн Донецк хотод Украины үндсэрхэг үзэлтнүүд болон Оросын талыг баримтлагчдын хооронд маргаан, улмаар мөргөлдөөн болсны улмаас нэг хүн амиа алдаж, хэдэн арван хүн бэртэж гэмтжээ. Ирэх ням гаригт болох Крымыг ОХУ-д нэгтгэх асуудлаархи бүх нийтийн сануулга ойртох тусам байдал ийн хурцадсаар байна.
Д.Амар