Сураггүй алга болоод буй MH370 онгоцтой холбогдуулан Малайзын Ерөнхий сайд Najib Razak өнөөдөр мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдсэнээр алга болсон онгоцны холбооны хэрэгслүүдийг санаатайгаар салгасан нь тогтоогдоод байгаа аж. Хиймэл дагуулаас авсан мэдээллийн дагуу Бойнг 777 онгод хамгийн сүүлд холбоо барьсны дараа чиглэлээ өөрчлөн долоон цаг ниссэн байж болзошгүй гэнэ.
Эрлийн багийнханд байгаа баримтууд дээр үндэслэн онгоцтой холбоо тасарсан явдал нь онгоцонд байсан хэн нэгний санаатай үйлдэл болж таарч байна. Хиймэл дагуул болон радарт байгаа мэдээллийн дагуу онгоц холбоо барих төхөөрөмжүүдээ салгасны дараа чиглэлээ баруун тийш өөрчлөн Малайзын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрчээ. Онгоц сураггүй болоод долоон цагийн дараа илгээсэн дохиог хиймэл дагуул хүлээн авсан болох нь батлагдаад байгаа боловч яг хаанаас илгээснийг нь тогтоож чадаагүй аж. Энэ бүх мэдээлэл дээр үндэслэн Өмнөд хятадын тэнгист хийж буй эрлийн ажиллагааг зогсоох болсон талаар Ерөнхий сайд Najib Razak мөн мэдэгдлээ. 14 орны 43 хөлөг онгоц, 58 нисэх онгоц оролцож буй эрлийн ажиллагаа одоо хэр нь юу ч олж чадахгүй байгаа билээ. Олж авсан шинэ баримт дээр тулгуурлан онгоцны хиймэл дагуул руу дохио илгээсэн сүүлчийн байрлалыг, эрлийн багийнхан доорх хоёр газрын аль нэг нь гэж үзэж байгаа аж. Үүнд:
- Тайландын хойд хэсгээс Туркменстан Казкастаны хил хүртэлх зурвас
- Индонезийн газар нутгаас Энэтхэгийн далайн өмнөд хэсэг хүртэлх зурвас
239 хүн сууж явсан MH370 онгоцонд чухам юу тохиолдсон талаар одоо хэр нь тодорхой тайлбар байхгүй байсаар байна.
Д.Амар