Крымийн автономит эрхийг өртгөтгөх тухай бүх нийтийн санал асуулга өчигдөр болж өндөрлөлөө.
Одоогийн байдлаар саналын гуравны хоёр хувийг тоолоод байгаа бөгөөд 95.7 хувь нь тус улсыг Оростой нэгдэхийг дэмжиж, 3.5 хувь нь Украины бүрэлдэхүүнд үлдээх саналтай байна гэсэн урьдчилсан дүн гарчээ.
Энэ талаар бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны Дээд зөвлөлийн тэргүүн Михаил Малышев мэдэгдсэн байна.
Санал асуулгад оролцогсдын ирц 82.71 хувьтай буюу маш өндөр байсан бөгөөд Малышевын мэдээлснээр 1 524 563 хүн саналаа өгчээ.
Крымчүүд Украины паспортоо шатаажээ
Бүх нийтийн санал асуулгын урьдчилсан дүнг сонссон крымчүүд тун ихээр баярлан, гудамжиндаа гарцгаан баяраа тэмдэглэж, Украины паспортоо шатаажээ.
Крымийн хойгийг Оросын бүрэлдэхүүнд орвол иргэддээ тус улсын паспорт, жолооны үнэмлэх болон бусад баримт бичгүүдийг түргэн хугацаанд гаргаж өгөх болно хэмээн шадар сайд Рустам Темиргалиев амласан байна.
Одоогийн байдлаар саналын гуравны хоёр хувийг тоолоод байгаа бөгөөд 95.7 хувь нь тус улсыг Оростой нэгдэхийг дэмжиж, 3.5 хувь нь Украины бүрэлдэхүүнд үлдээх саналтай байна гэсэн урьдчилсан дүн гарчээ.
Түүнчлэн тэрбээр Крымийн Дээд зөвлөл өнөөдөр тус улсыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтэх тухай албан ёсны хүсэлтээ гаргах болно хэмээн мэдэгджээ.
Барууны улс орнууд бүх нийтийн санал асуулгыг дэмжсэнгүй
Барууны улс орнууд уг санал асуулгад төдийлөн таатай хандахгүй байна. Тухайлбал, Их Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хэйг энэ нь Украины Үндсэн хуулийг зөрчсөн үйл явдал боллоо гэжээ.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа АНУ болон түүний холбоотнууд тус санал асуулгыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж тус улсын эсрэг дахин хориг арга хэмжээ авах болно гэсэн байна.
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаст “В.Путин АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа бүх нийтийн санал асуулгын үйл явц бүхэлдээ олон улсын эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрэмд нийцсэн хэмээн мэдэгдсэн” гэж бичжээ.
Сергей Нарышкин: Крымчүүд саналаа өгөхдөө баярын нулимстай байсан
Бүх нийтийн санал асуулга бол Оросын хувьд түүхэн үйл явдал хэмээн ОХУ-ын Төрийн думын дарга Сергей Нарышкин үзэж байна.
“Төрийн думын гишүүд сүүлийн өдрүүдэд Севастопольд ажиглагчийн байр суурьнаас ажиллах явцдаа крымчүүд бүх нийтийн санал асуулгад хэрхэн оролцож байгааг бидэнд дуулгасан юм.
Ихэнх нь, ялангуяа ахмад үеийнхэн саналын хуудсаа хайрцаг руу хийхдээ баярын нулимстай байсан” гээд “энэ бол Украиныг тусгаар тогтносон улс болсноос хойш бүтэн 23 жилийн турш крымчүүдийн хүсэн хүлээсэн өдөр нь байсан юм” хэмээжээ.