Авдрантын хоригдол, алуурчин хятад хоёрын шантааж

download (2)Өдгөөгийн УИХ-ын ги­шүүн нэгэн эрхэм хэдэн жилийн өмнө эрүүгийн эле­ментүүдэд хөөгдөөд адуу малаа үргээн пижигнэтэл зугтаж  явсан гэдэг.Бас нэгэн бизнесмэн  гүүрнээс хөлөөрөө дүүжлүүлж байсан тухай ч нүдэнд харагдтал ярих улс олон.

 

 Энэ мэтчилэн нийг­мийн бүтээгч хэсэг болох би­з­нес­мэнүүдийг шимэг­чилж амьдардаг эрүүгийн эле­ментүүд, рецедивүүдийн асуудлыг Л.Гүндалай анх чуулганы танхимд дуугарч, “Төр энэ дээрэмчдээ байх ёстой газар нь байлгахгүй бол болохоо болилоо” хэмээн хатуухан хэлсэн билээ.

Үүний мөрөөр үү, эсвэл өөр учир шалтгаан ч байсан уу яасан, ямар ч гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бас чиг гэж цаг­даагийнхнаа дорвитойхон хөдөлгөж нэлээд нөхдийг нэг хэсэг “хар гэрт” суулгаад амжсан.

Харин нөгөө хоригдсон рекетүүд нь шоронг зочид буудал болгочихсон, эм­зэг сэдвийг  нь хөндсөн Л.Гүндалайг Ц.Нямдорж нь спиртийн хэрэгтэн гэж зарлаж чи­чрүүлсэн зэрэг бол дараа да­раа­гийн жичдээ асуудал. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч өнөө­дөр Монголд эрүүгийн эле­ментүүд гэдэг шимэгчид байсаар, арга барил нь улам нарийсч, эрээ цээргүй авирлах боллоо. Бүр ил тод заналхийлдэг, дээрэмддэг болж. Үүний  нэг  жишээ нь УИХ-ын  гишүүн Н.Номтой­баяраас сая доллар нэх­сэн “Мунзуй” хочит Г.Ням­доржийн явдал. Баа­ранд зодоон болсон, Н.Номтойбаяр хутгалсан гэх дуулиан нэг хэсэгтээ л бу­жиг­нуулсан.

Товчхондоо бол, эрүү­гийн  элемент “Мунзуй”  Мон­голын томоохон бизнес­мэний хүүгээс их мөнгө амархан салгачих санаатай байсан бололтой. Гэтэл Н.Номтойбаяр гэдэг бацаан нь “Аваад ирье ах аа” гээд гүйхийн оронд  дунд хуруугаа үзүүлчихсэнээс л хамаг юм болсон юм даг уу даа.

Эцэг эхийнх нь өгсөн нэр Нямдорж гэхээсээ илүү “Мунзуй” гэдэг этгээд хо­чоороо өөрийгөө таниулсан энэ нөхрийг цагдаа хуу­лийн­хан андахгүй. Андахгүй байх нь ч аргагүй. Учир нь элдэв хэрэгт орооцолдож хутгалдсаар бай­гаад “эрүү­гийн элемент” гэдэг тодот­голтой болсон нэгэн.

Их Хурлын гишүүнээс сая доллар нэхсэн “Мунзуй” бааранд болсон асуудлынхаа дараахан “Номтойбаярын өөрөөсөө ч нууж явдаг бүхнийг нь илчилнэ” хэмээн гадаадаас “мэндчилгээ” илгээж, үүнийгээ гишүүнээс айсандаа бараг л дүрвэх дээрээ туллаа хэмээн тайл­барласанд нь итгэсэн хүн хэр олон байсныг мэдэхгүй. Харин түүний энэ “айдас”-ыг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого, эрүүгийн элементүүд эрээ цээрээ алдаж байгаагийн илрэл гэж дургүйцэж хүлээж авсан хүн олон байсан.

 Ингэж эрүүгийн эле­ментүүд эрээ цээрээ алдан даварч байгааг харуулсан энэ явдал одоо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт үүс­гэсэн харилцан зодооны асуудлаарх хэрэг шүүхэд шилжсэн байдлаар үр­гэл­жилж байгаа.

“Мунзуй” хочит Ням­дорж “илчилнэ” хэмээн сүрдүүлж байхад Монголын топ компаниудын нэг “Болд төмөр Ерөө гол”-ыг үүсгэн байгуулагч, захирал Б.Дэлгэрсайхан шоронд сууж байж. 2000 шахам ажилтантай компанийг тэргүүлдэг, баялаг бү­тээгч­дийн нэгийг барьж хорих болсон шалтгаан нь Гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах төв гэ­дэг байгууллагын дарга О.Мөнхбат гэдэг хүний захиалга, нэхэмжлэл. Ийм байгууллага хаана юу хий­дэг, О.Мөнхбат гэдэг хаа­наас гараад ирсэн хэн гэгч вэ гээд цааш нь ухахгүй орхих аргагүй. Ухлаа, судаллаа даа. Ёстой хөгийн, нөгөө кинонд гардаг шиг “Зүүдэнд ч оромгүй явдал”-ууд хөвөрлөө.Нэгэнт ухсан, олсон баримтуудаа олонд ил болгох нь сэтгүүлчийн үүрэг юм чинь.Үүргээ биелүүлье.

“Мунзуй”-н Н.Номтой­баяраас нэхсэн сая долларын хажууд Авдрантын “Но­гоон” Мөнхбат гэдэг хүний зорилго үнэн пээдгэр. Б.Дэлгэр­сайханы компанийг, биз­несийг  юутай хүүтэй нь өөрийн болгох. Ийм дээгүүр санаатай газрын амьтан Мөнхбатын үүх түүх бас л тэр чигээрээ эрүүгийн гэж тодотгодог гэмт хэргийн ертөнцтэй холбоотой аж.Уг нь энэ хүний овог Одсүрэн.Гэхдээ одоо Одсүрэнгийн Мөнхбат гэхээсээ илүүтэйгээр Авдрантын, эсвэл “ногоон” Мөнхбат гэдэг.1973 онд Сэлэнгийн Зүүнхараад төр­сөн. Хоёр удаагийн ял шийтгэлтэй.Анх малын хул­гайгаар эхэлж, удаа да­раа­гийн хулгай, залилан гэх мэт хэрэгт холбогджээ.  1996 онд Эрүүгийн хуулийн 123-ын 4, 124 дүгээр зүйлд зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж түүнийгээ эдлэж байхдаа оргож, 1998 онд 15 жилийн ял авсан. Бүлэглэн болон ганцаараа оргосон, бусдын эд зүйлийг хулгайлсан гэдэг үндэслэлээр дахин ялаа нэмүүлжээ.Гэх­дээ арваад жил шоронд суугаад үлдсэн хоёр жил гаруйг нь тэнсэн харгалзах гэсэн ялтайгаар 2008 онд нарснаас наранд гарч эрх чөлөөтэй болсон байна.Хэл ярианы баялаг сайтай, худлаа хэлэх сонирхолтой гэх тодорхойлолтыг засан­гийн­хан Мөнхбатад өгч байжээ.

Авдрантын шоронд хо­ригдож байхад нь Сэ­лэнгийн Баатаржав нутгархан Мөнхбатыг дагуулж, “Ца­гаан шонхор”-ын Ч.Энх­тай­ванд танилцуулж байсан гэнэ. Ямар ч гэсэн тэр хоёрын гар хөлийн үзүүрт зарагддаг, шоронгийн хэл­лэгээр бол “шуумар” гэгч байсан аж. Шуумар гэдэг нь нэг талаараа “бууны нохой” гэдэгтэй л адилхан  утгатай. Ингэж шоронд шуумар байсан нь наранд гарч ирээд “Цагаан шонхор” компанид ажиллах боломжийг олгосон байна. Гэхдээ хүний сурсныг сураар боож болох биш, харж үзэж сайнаар хандсан Ч.Энхтайванаасаа багагүй хэмжээний мөнгө авчихаад эргүүлж өгөлгүй алга болж “Цагаан шонхор”-ын боссыг ихээхэн бухимдуулсан гэд­гийг тус компанийнхан хэлж байна. Мөнгөнөөс гадна мэдээлэл хулгайлсан гэдгийг ч тэд үгүйсгэхгүй байна билээ.Харин чухам юуны тухай мэдээлэл вэ гэхэд уул уурхай, лицензтэй холбоотой болов уу гэсэн.

“Нохой хоол өгсөн эз­нийхээ гарыг хаздаггүй”, “Идэж байсан хоол руугаа нулимах хэрэггүй” гэх мэт ёс суртахуун, хүн чанар шаардсан үгсийг арваад жил торны цаана суусан рецидив хэрэгтэн Мөнхбатад хэлэх нь ангасан цөлийг аяга усаар услахтай л адилхан буй за. Ингэж “Цагаан шонхор”-ын хаалгыг эргэж татах аргагүй болсон түүний амьдрах арга  нь хуучин мэргэжил нь болсон бололтой. Бүр тодруулбал, шоронд ажиллаж байсан тэр аргаараа л гэсэн үг шүү дээ.Гэхдээ хэний тухай юуг хэнд юу гэж зөөх вэ гэдэг дээр “Цагаан шонхор”-оос мэдээлэл хулгайлсан нь туршлага болсон мэт.Компаниудын талаар элдэв хов жив цуглуулж түүнийгээ үнэд хүргэх ажлаа төрсөн нутгаасаа эхэлжээ. Эрх биш Зүүнхараагийнх учраас Сэлэнгийн Баянголын орд хийгээд “Болд төмөр Ерөө гол”-ын тухай мэдээлэл түүнд ойр байсан гэсэн үг.

Ингээд нарсанд мэдээлэгч буюу шоронгийн хэллэгээр “бууны нохой” байсныгаа наранд гарч ирээд “тагнуулч” гээд ойлгочихсон “ногоон” Мөнхбат тагнуулын ажилтны дүрд тоглож, “Болд төмөр Ерөө гол”-ын захирал Б.Дэлгэрсайханы тухай баахан хуурамч юм цуглуулж аваад түүнээс мөнгө салгах гэж оролджээ. Танай  за­хирлын тухай ноцтой ба­римтууд байна, болохгүй бол хэвлэлд өгнө гэж айлгах замаар “ажиллагаагаа” эхэл­жээ. Түүгээр ч зогсохгүй Дэлгэрсайханд янз бүрийн шугамаар үүнийгээ тавьж мөнгө шаардсаны хариуд “Надад хийсэн хэрэг байх­гүй, бас чамд өгөх мөнгө ч байхгүй” гэдэг ха­туухан хариу дуулсан гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг юм. Энэ хэрэгт О.Мөнхбатын хамтрагч нь хятад хэлний орчуулагч Э.Бямбасүрэн гэж эмэгтэй.Хошин урлагийн “Маск” продакшнийн жүжигчин Ж.Мөнхсайхан буюу МС-гийн эхнэр тэр­бээр нь Б.Дэлгэр­сайханы компанид орчуулагчаар ажил­лаж байж. Э.Бямба­сүрэнг компаниасаа мөнгө салгах гэж оролдоод бүтээгүй гэдгийг нь нэг биш хүн ярьдаг.

Хүн лаагаа иднэ үү, луу­вангаа иднэ үү хамаагүй боловч хуучин ажиллаж байсан компанийнхаа захир­лаас мөнгө салгах гэж өөрөө оролдоод барахгүй бо­лохоороо эрүүгийн элемент рүү гүйснийг нь харин ойлгоход амаргүй. Үзэл бодлынхоо тухайд өөрт нь үнэт зүйл гэж байхгүй хүнд ёс суртахуун ч гэж байхгүй гэдэг үг байдаг даа, угаасаа.

О.Мөнхбат, Э.Бямбасүрэн нар хятад хүний нэр барин их хэмжээний мөнгө салгах гэж өмнө нь ч шантаажилж байсан баримт “Болд төмөр Ерөө гол” компанийнханд байгаа бөгөөд энэ асуудлаар нь хууль хяналтын байгуул­лагад хандаж байсан гэнэ. Тодруулбал, тэдний хүссэнээр Б.Дэлгэрсайхан мөнгө өг­сөнгүй, өөдөөс нь харин хууль хяналт яриад хамрынх нь үзүүрийг хавчих шахан хаалгаа татчихсан гэсэн үг л дээ. Тиймээс луйварчдын арга өөрчлөгдөж, эндээс энэ хоёрын хамтрагч хятад Лам Пинг гэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Одсүрэнгийн Мөнхбат болон  гарч ирж байгаа юм.

Нэг үгээр компанийн хувьцаатай холбоотой нутаг нэгт хоёрын хооронд үүссэн асуудал, Лам Пинг гэмт хэрэгтэн болж орох газаргүй тэнүүчлэн Италид орогносон, тэндээс хаа нэг тийш явах ямар ч боломжгүй байдлыг О.Мөнхбат, Э.Бямбасүрэн хоёр тун ч овжин ашигласан байдаг.

Учрыг тодруулъя БНХАУ-ын иргэн Лам Пинг 2004-2005 оны зур­гаа­дугаар сарын 29-ний өд­рийг хүртэл “Болд төмөр Ерөө гол” /хуучин нэрээр “Монтай Майнз” ХХК/-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд өөрийн эзэмшиж байсан хувийг хамтрагч БНХАУ-ын иргэн Лиу Ронгзэнд шилжүүлжээ. Энэ тухайд улсын бүртгэлд өөрчлөлт орсон байдаг.Төмөрлөгийн ордод үйл ажиллагаа явуулахад ихээ­хэн хэмжээний хөрөнгө оруу­лалт хэрэгтэй бөгөөд үүнд цаашид нэмэлт хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй тийм нөхцөл байдал үүсчээ.Анхны хөрөнгө оруулагч Лиу Ронгзэн нэмж хөрөнгө оруулалт хийх санхүүгийн боломжгүй гэдгээ хэлээд хувьцаагаа Б.Дэлгэрсайханд зарахдаа эхэлж оруулсан мөнгөө нугалж аваад Мон­голоос оджээ.

Энэ хү­мүүсийн мөнгийг банкаар шилжүүлсэн баримт нь байгаа гэж “Болд төмөр Ерөө гол”-ынхон баталж байна.Ингэснээр төмөрлөгийн орд эзэмшигч “Болд төмөр Ерөө гол” компани монгол хүний мэдэлд иржээ.Б.Дэлгэр­сайхан ч гадаад зах зээлээс мөнгө босгох, зээл олох ажилд гарчээ. Нөр их хөдөлмөрийнх нь үр дүнд өнөөдөр “Болд төмөр Ерөө гол” ч Монголдоо топ аж ахуйн нэгжийн тоонд багтан хоёр мянган өрхийн амьдралыг тэтгэж яваа аж. Чухамхүү ингэж гайгүй ажиллаж байгаа нь зүгээр сууж байгаад мөнгөтэй болчих гэсэн О.Мөнхбат, Э.Бямбасүрэн нарыг шан­таажлах шалтаг хайн гүйхэд хүргэсэн биз ээ.

Лам Пинг гэгч энэ нөхөр хувьцаагаа зараад Монголоос сайн дураар гарч одсоныг манайхны аз түшсэн хэрэг гэж хэлмээр. Учир нь 2004 онд хувьцаагаа зараад алга болсон Лам Пинг нутагтаа гэмт хэрэгт холбогдож, Хятад орондоо байх аргагүй болж эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн мэдээлэл  Хя­тадын сайтуудад 2005-2007 онд маш ихээр гарчээ. Хя­тадын хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд түүний нэрийг латин галигаар Lam Ping гэсэн атлаа хятад ханзаар Линь Пинг гэж бичигджээ.Тэгэхдээ зүгээр ч нэг хэрэг биш, захиалгат аллага. “Бугат хотын тэрбумтны амь насыг хөнөөсөн хэрэгт есөн сэжигтэн этгээдийг ба­ривч­лав”, “Алуурчин хөлсөлж, тэрбумтныг хө­нөө­сөн эрүүгийн хэргийн шүүх хурал Бугат хотод болов”, “Хөлсний алуурчин хөлсөлж, хүний амь насыг хө­нөөсөн Бугат хотын эрүү­гийн 6.29 дүгээр хавтаст хэрэг” гэх мэтчилэн Хятадын “Синхуа” агентлагийн мэ­дээ­нүүд хөвөрнө.  Энэхүү хэргийн хохирогч нь Бугат хотын нүүрсний томоохон ордыг эзэмшиж байсан, тэрбумтан Жөү овогт.

Хя­тадын хэвлэлд бичсэнээр бол алуулдаг хөөрхий Жөү ихээхэн нөөцтэй нүүрсний ордынхоо хувьцааг зарахгүй гэснээс болж Лам Пинг түүнийг “сургаж өгөх” захиалгыг өөрийн жолооч бөгөөд хамгаалагчдаа үүрэг болгожээ. Тэр дагуу нь өөр бусад алуурчдыг хөлсөлж.Заазуур хутгаар зэвсэглэсэн алуурчид орой бүрэнхийгээр баарны үүдэнд отож байгаад түүнийг хөнөөжээ. Энэ аллагыг захиалсан Лам Пинг оргон зайлж, харин аллагыг гүйцэтгэсэн таван хүн цаазлуулж, хоёр хүн хугацаагүй хорих ялаар шийтгүүлсэн.  Товчхондоо бол зургаан хүний амь насыг  егүүтгэж дээ, энэ Лам Пинг гэгч. Энэхүү алуурчин хөлсөлж тэрбумтныг хө­нөөлгөсөн Лам Пинг, одоо Авдрантын Мөнхбаттай нийлж, Б.Дэлгэрсайханы “Болд төмөр Ерөө гол” компанийг дээрэмдэж авах гэж оролдож байгаа Лам Пинг нар нэг хүн.

Нөгөө зүүдэнд ч оромгүй явдлын нэг бол О.Мөнхбат 2007 онд Авдрантын хорих ангид байхдаа “Азийн ган төмөрлөгийн продуктс” гэдэг компанийг Австрали, Канад, Шинэ Зеланд гээд дөрвөн улстай хамтран бай­гуулсан тухай үлгэр. Уул уурхай хөгжсөн орнуудын нэр барьсан олон хөрөнгө оруулагчтай компанийг шоронд байхдаа байгуулж, судалгаа энэ тэр хийлгээд хөрөнгө оруулалт босгоод нэг үгээр хөлжиж баяжих эх сууриа тавьж байсан гэдэгтээ цагдаа хуулийнхныг итгүүлчихнэ гэж найдах нь юу л бол. Тэгээд ч О.Мөнхбатын гэх “Азийн ган төмөрлөгийн продуктс” ХХК нь улсын бүртгэлд бүртгүүлснээрээ 2012 онд байгуулагдсан гэдгийг нэг их ажил оролгүй мэдчихэж болно.

О.Мөнхбатын Авдрантын шоронд байхдаа байгуулсан олон орны хөрөнгө  оруу­лагчтай компани нь нэгэн хятадаас авлагатай байж, тэр хятад нь надад мөнгө байхгүй, Дэлгэрсайхан надаас авчихсан, тэрнээс очиж ав гэж  хэлсэн гэх мэтчилэнгээр  үлгэр үргэл­жилнэ.  О.Мөнхбат тэр хятадтай очиж уулзжээ.Уулзсан хятад нь дээр дурдсан Лам Пинг юм. Лам Пинг, О.Мөнхбат нартай хамт уулзсан хүн нь мэдээж орчуулагч Э.Бямбасүрэн. Ингэж алуурчин хятад цусанд хутгалдсан гараараа Ар Монголын нүд улаан, мөнгө цагаан болсон эр эм хоёртой тэврэлдэх нь тэр дээ. Орчуулагч хүүхэн найз нартаа “Итали яваад ирсэн, нөхөртэйгөө хамт” гэж ирээд л гайхуулж байсан нь угтаа бол Авдрантын Мөнхбатын мөнгөөр алуурчин хятадтай уулзахаар явсан гэсэн үг юм билээ.

Лам Пинг яагаад О.Мөнх­бат, Э.Бямбасүрэн нартай уулзав гэдэг ч бас их хачирхалтай. Юунд итгэж найдаж тэднийг хүлээж авав.О.Мөнхбатын энд тэнд ярьж яваагаар бол нэг бус хэд хэдэн удаа, тэгэхдээ ганц Италид ч биш, Герман өөр хаана ч билээ уулзсан гэдэг.Энэ олон удаа дахин дахин уулзах хүртэл нь Лам Пинг итгүүлсний цаана юу байв гээд л асуултууд аяндаа гарч ирээд  байгаа биз. Тэрбумтныг захиалгаар хөнөөсөн хэрэгтэй холбоотой Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан нийтлэл материалуудыг олж цуг­луулж орчуулахад туслалцаа үзүүлсэн өвөрлөгч анд маань  зүрхэн  дээрээ гараа тавьж байгаад нэг зүйлийг хэлж байгаа юм. “Хүн алсан хүний хормой чичирч явдаг гэдэг. Өөр газарт очоод Хятадын хуу­лиас айх аюулгүй байж болох ч, түүнээс болж үхсэн тэр олон хүний ар гэрийнхний өш хонзонг алхам ч мартах аргагүй. Хятад хүний өш хонзон гэдэг үе дамжин үргэлжилдэг. Тиймээс Лам Пинг хэн ч биш хэн нэгэнд итгэнэ гэж хэзээ ч байхгүй. Орчуулагч хүүхнийг таньдаг байсан гэдэг нь дотор газрын хүнд ямар ч баталгаа биш” хэмээн дахин дахин хэлээд байгаа юм. “Эрх мэдэлтэй хүний баталгаа”-н дээр ахиухан мөнгө нэмээд ам­лачихвал…

Лам Пингийн итгэмжлэл гэдэг юм гарч ирэнгүүт л “барилаа хорилоо” гээд бужигнаад эхэлж байгаа нь мөнгөтэй эрх мэдэлтэй хүний баталгаа ард нь байгааг бас тэрхүү “баталгаа” хүчтэй гэдгийг харуулна. Бас яаж ч шуналтлаа гэсэн “гал хамгаалагч”-гүй бол том хөдөлж болохгүй гэдгийг О.Мөнхбат мэдэхийн дээдээр мэдэх нэгэн.

О.Мөнхбат Италиас ит­гэмжлэлтэй иржээ. Ит­гэмжлэл хийгдсэн огноо нь 2013 оны гуравдугаар сарын 22. Итгэмжлэлийг баталгаажуулж өгсөн хүн нь атташе Г.Оч. Агуулгыг нь товчилбол, арван жилийн өмнө зарсан компанийнхаа хувьцааг Мөнхбатаар дам­жуулж авах” гэсэн санаатай.  Үнэн худлаа нь мэдэгдэхгүй нэг итгэмжлэл гэж цаас барьсан нөхөр гэнэт гарч ирээд “Чиний юм минийх” гэхээр гайхдаг юм байгаа биз дээ, “Болд төмөр Ерөө гол”-ынхон. Төртэй, хуультай улсад амьдарч байгаа улс байна даа гээд шүүхэд ханджээ. Өнгөрсөн оны дол­оодугаар сарын 1-нд Сүх­баатар дүүргийн шүүхэд энэ  асуудлыг  хэлэлцсэн  шүүх  хурал болжээ.

Шүүхийн шийдвэрт хуулийн олон зүйл заалтаар нь нарийвчлан бичсэн байна билээ. Маш энгийнээр тайлбарлавал, но­тариатч хоёр талыг заа­вал байлцуулах ёстой атал Лам Пинг, О.Мөнхбат нарыг байлцуулсан гэдэг нь батлагдаагүй, бас итгэмжлэл дээр О.Мөнхбатын өөрийн гарын үсэг байхгүй гэдэг нь хүчин төгөлдөр бус гэж үзэх эхний нотолгоо болжээ.

Мөн нотариатч хүн юмыг баталгаажуулахдаа зөв­хөн өөрөө л хийхээс биш, тамга тэмдгийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хуулиар хүлээдэг. Итали дахь Монгол Улсын Элчин сайд Одонбаатар, тус яамны атташе Орхонтулга нарт  нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх эрхийг Хууль  зүйн  яамнаас олго­жээ. Энэ хоёроос бусад, Элчин сайдын яаманд ажиллаж байгаа хэн нэгэн дураараа нотариатын тамга тэмдгийг ашиглаад байх эрхгүй аж.

Тэгэхээр  Г.Оч гэдэг атташе өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн нь тодорхой болж байгаа юм. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс Бүгд найрамдах Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан Г.Очийн хууль зөрчиж 2013 оны гуравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын иргэн Лам Пингээс Монгол Улсын иргэн О.Мөнхбатад олгосон итгэмжлэлийн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хамгийн хачирхалтай нь Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж бай­сан, манайдаа л толгой хуульчдын нэг Н.Ганбаярын хүү Оч хууль зөрчин байж О.Мөнхбатад хуу­рамч ит­гэмж­лэлийг нь батал­гаа­жуулж өгсөн байдаг юм. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг Г.Оч экс прокурор аавтайгаа нийлэн давж заалдсан ч мөн л ялагджээ. Гадаад яамны ажил­тан энэхүү нотариаттай холбоотой асуудал нь Г.Оч гэдэг энэ хүний цаашдын дипломат ажлын замналд тод бөгөөд том бараан толбо болно гэдгийг онцолж байна. Бадарчин явсан га­зар балагтай, батгана суу­сан газар өттэй гэдэг шиг энд хамгийн ноцтой нь О.Мөнхбат гэдэг хүний хөлд бас нэгэн төрийн албан хаагчийн  ажил амьдрал, нэр төр тэр чигээрээ гишгэгдэж байгаа явдал.Чухам яагаад Г.Оч өөрт эрх нь олгогдоогүй ажлыг  дур мэдэн О.Мөнх­батад хийж өгөв, айсан уу, авлига авсан уу гэдгийг асуултын тэмдэгтэй чигээр нь энэ удаа үлдээе.

О.Мөнхбатаас болж ба­ларч байгаа хүн ганцхан экс прокурорын хүү Г.Оч ч биш.Одоо Авлигатай тэм­цэх газрын үүдийг сахиж суугаа Д.Жаргалсайханыг монголчууд троллейбусны компанийн  захирал гэд­гээр нь андахгүй. Инженер, Монголд машин үйлдвэр­лэлийг  хөгжүүлэх гэж зүт­гэж яваа нэгэн.Зорьсон зүй­лээ эхнээс нь хэрэгжүүлж, Монголд доубус угсарсан гээд хийсэн зүйл ч их.

Гэхдээ одоо Д.Жаргал­сайхан инженер ажлаа өгч лааз өшиглөөд  зогсохгүй АТГ-т шалгуулж байна. Охиныхоо компанид улсын хамаг тендерийг өгсөн луй­варчин гээд л хөөрхийг хэвлэлээр хараагаад байгаа. Гэтэл Д.Жаргалсайханы охины  үүсгэн  байгуулсан  гээд  бай­гаа “Эрдү” компанийн 51 хувийг хэн эзэмшдэг гэж бодож байна, уншигч Та.2011 онд байгуулагдсан “Эрдү” компани хоёр үүсгэн байгуулагчтай. 49 хувийг нь Жаргалсайханы Содбилэг,  51 хувийг Одсүрэнгийн Мөнх­бат эзэмшдэг гэж бүртгэгджээ. “Эрдү” ком­панийг үүсгэн байгуулагч О.Мөнхбат, Италиас итгэмжлэл авсан О.Мөнхбат хоёрын регистрийн дугаар яг таарч байна. Манай улс иргэний бүртгэлийн сис­темдээ ганцхан юмыг гай­халтай сайн хийсэн байдаг нь регистрийн дугаар гэдгийг мартаж болохгүй.

Түүнээс гадна Д.Жаргал­сайхан “Цахилгаан тээвэр” компанийн захирлын суу­далд сууж ахуйдаа буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 26-нд “Ардчилал” сонинд өгсөн ярилцлагадаа “Эрдү”-г хэн байгуулж хө­рөнгө оруулсныг ил тод зар­ласан байдаг юм. Тэрбээр сур­валжлагчийн “Эрдү” гэх компанийн  захирлаар танай охин ажилладаг нь жинхэнэ ашиг сонирхлын зөрчил биш үү гэсэн асуултад “Үнэн.Миний охин захирлаар нь ажилладаг. Би хэнээс ч нуухгүй. Мөнхбат гэж хүн хөрөнгө оруулалт хийгээд манай охиныг захирлаар нь томилсон” хэмээн хариулсан байгаа.

Нарсанд биш, наранд байгаа “ногоон” Мөнхбатад компани байгуулах биз­нес хийх эрх байлгүй яахав. Гэхдээ энэ “Эрдү” ком­пани л гэхэд цахилгаан тээврийн хамаг тендерийг өрсөл­дөгч­гүйгээр авсан атлаа тат­варын бөөн асуудалтай.Татвараа шударгаар төлдөг компаниудаас “Улсын төсөв бүрдэхгүй байна, урьдчилж төл” гэж дарамталж байгаа татварынхан энэ эрүүгийн элементэд яагаад ийм давуу эрх олгоод байна вэ. Одоо тэгээд “Цахилгаан тээвэр”-ийн Д.Жаргалсайхан “но­гоон” Мөнхбатын 51 хувийг нь эзэмшдэг компанийн өм­нөөс хэрэг хүлээгээд сууж байгаа байх нь. Ер нь эрүүгийн элемент цаана нь сугарч үлдээд энгийн нэг нь хариуцлага хүлээх дээрээ тулаад байгааг хууль хяналтынхан анхааралдаа авсан биз ээ.

Түүнээс гадна О.Мөнх­батын ойрын эх сурвалж,  түүний үүсгэн байгуулсан найман компани бүгд татвар дээр “но”-той гэдгийг бас хэлж байгаа юм. Дээр дурьдсан буюу нөгөө шоронд байхдаа хэд хэдэн улстай хамтраад байгуулсан ч бил үү хөрөнгө оруулуулсан ч гэдэг бил үү “Азийн ган төмөрлөгийн продуктс”-аас нь гадна “Некствийк”, “Жайф” гэхчилэн ганц хүний компаниуд, мөн “Цахилгаан тээвэр”-ийн захирлыг АТГ-т аваачсан “Эрдү” гэхчилэн гоё бас сүртэй нэртэй  компаниудаас нь ажлаа хамгийн сайн хийж, идэвхтэй үйл ажил­лагаа явуулж байгаа нь “Монголд байгаа гадаадын иргэдэд туслах нийгэмлэг”. Энэ нь ердөө бусдыг рекет­лэх, шантаажлах баримт ма­териал цуглуулах, бус­дын нэр барьж хүний хө­рөнгө хумслахын тулд л байгуулсан компани. Үүнийгээ ч тун сайн хийж буй бололтой. Тиймээс бид О.Мөнхбатын нэр дээрх тэр олон компани чухам ямар үйл ажиллагаа эрхэлдэг, бас яагаад, ямар арга замаар татвараас зугтдаг гэдгийг эрэн сурвалжилж мэдээлэх болно.

“Ногоон” Мөнхбат гэ­дэг эрүүгийн элемент “Болд төмөр Ерөө гол”-ын захир­лаас эхлээд мөнгө нэхэж, дараа  итгэмжлэл барьж ирж компанийг нь авах гэж үзсэн ч аль аль нь болсонгүй. Гурав дахь  удаад нь Лам Пинг-ийн итгэмжлэлийг Хонгконгоос авсан гэх барилгачин хятад Ка Чи То. Энд дээрх Ромын итгэмжлэлийн үлгэр бас үргэлжилнэ. Золиос нь бол­сон монгол эхнэртэй хятад эр “Монголчууд мөнгө өгнө гэхээр нь ийм юм хийсэн” гэж мэдүүлж байгаа сурагтай.

Түүнд мөнгө өгнө гэж амласан монголчууд нь хэн бэ гэдэг нь ч тодорхой. Учир нь Ка Чи То гэж энэ хятад Италид орогносон Лам Пинг таних нь байтугай, барааг нь ч хараагүй. Тэр ч битгий хэл амьдралдаа ч Европт хөл тавьж үзээгүй нэгэн гэнэ. Гэтэл “ногоон” О.Мөнхбат, Э.Бямбасүрэн хоёрт Хонгконгийн пас­порттай л бол хэн байх нь хамаагүй байсан учраас мөнгө амлаж, өөрсдөө өмнөөс нь явж нэр дээр нь хуурамч итгэмжлэл авчирч өгөөд зохиосон жүжгийнхээ гол дүрд тоглуулж эхэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Лам Пингийн өмнөөс Б.Дэлгэр­сайханы компанийг авахаар нэхэмжлэл цагдаад гаргаж. Гэвч Ка Чи То энэ бүгд хуурамч жүжиг болохыг цаг хугацааны явцад мэдэрч, улмаар хүн гүтгэсэн хэрэгт орох нь гэдгээ ойлгоод тоглоомоос гаръя гэхээр О.Мөнхбат “Хэрэв чи нэхэмжлэлээсээ буцвал Монгол дахь барилгын бизнесийг чинь будаа болгоно” хэмээн ил тодоор шантаажилж эхэлжээ. Хүнд байдалд орсон Ка Чи То арга буюу хэсэг хугацаанд Монголоос зугтаж нутагтаа байж байгаад саяхан буцаж иртэл түүнийг шүүх, Мөрдөн байцаах газраас дуудаж. Хүн гүтгэснээ мэдсэн Ка Чи То зугтахаар шийдсэн ч Монголын хилээр гарч чадалгүй баригдаж ирээд хэргээ хүлээж үнэн мөнийг мэдүүлсэн төдийгүй “Би “ногоон” Мөнхбат, Бямбасүрэн хоёроос айж байна.Надад ярих юм их байна” хэмээн өмгөөлөгч найздаа ярьсан сурагтай.

Энэ мэтээр хүний юмыг өөрийн болгохын тулд Авдрантын “ногоон” Мөнхбатын хийсэн ажилд алдарт мөрдөгч Шерлок Холмс ч атаархах байсан биз ээ. Гэхдээ, нутгаасаа оргон зайлсан, хүний нутагт дүрвэж яваа Лам Пингд алдах юм байхгүй. Мөнгө амласан, бас “эрх мэдэлтэй хүний баталгаа” харуулсан хоёр монголыг очиход хувь хүртэнэ гэдэг хэлцэл хийгээд итгэмжлэл бичээд өгчих бол байх л зүйл. Гэхдээ цустай гартай хятад Лам Пинг “Дэлгэрсайханаас мөнгө салгах гэж байснаас Лам Пинг барьж өгсөн бол хятадууд овоо юм өгөх байсан болов уу” гэсэн яриаг дуулбал яах бол…

Гэхдээ түүнээс бүр ч илүүтэйгээр адал явдалт кино мэт энэ хэрэгт эрүүгийн гэмт хэрэгтэн, орчуулагч хүүхэн хоёрт тус дэм, түшиг тулгуур болж, замыг нь зааж, “баталгаа” гаргаж өгч буй “гал хамгаалагч” хэн бэ гэдэг үнэхээр сонин.

Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний талаар О.Мөнхбат утсаа харуулж бардамнасан, Э.Бямбасүрэн  “ярьсан    то­хирс­ноороо л хийсэн дэг” хэмээн “хэн нэгэнд” бу­химдсан зэргээр дээр дурьд­сан “эрх мэдэлтэй хүний баталгаа” гэгч юм байгаа гэдгийг батлах учиг энд тэндээс аяндаа л гарч ирээд байх юм. Чухам хэн бэ гэдгийг ч бид эрэн сурвалжилж байгаа.

Тиймээс энэ нийтлэл төгсөөгүй. Үргэлжлүүлээд энэ хэрэгт хамаатай нэр бүхий хүмүүсийн талаар илүү дэлгэрэнгүй, бас илүү ноцтой баримтуудыг дэлгэх болно.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …