2014 оны 03 сарын 24-нд шилжих шөнө Лантуун дохио ТББ-д бага насны хүүхдүүдийг төрсөн эцэг нь аймшигтайгаар тамлан зовоосон жигшүүрт хэргийн талаархи мэдээлэл ирлээ. Уг хэрэг Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн бөгөөд эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байна. Яргачин этгээдийг сэтгэцийн эмгэгтэй юм уу гэтэл тийм биш ажээ. Одоогоос жил шахуу хугацааны өмнө төрсөн эцэг нь 5 настай хүүгээ заазуурдсан аймшигт хэрэг гарч байсан бол өнөөдөр ийм төрлийн хэрэг багасах нь бүү хэл ихэссээр байна.
3 хүүхдээ дагуулсан хөөрхий ээжид төрийн зүгээс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэнэ. Сэжигтэн, яллагдагчаа үнэ төлбөргүй өмгөөлдөг улсын өмгөөлөгчтэй хэрнээ гэрч, хохирогч, хүүхдэд болохоор үнэ төлбөргүй хуулийн туслалцаа үзүүлэх боломж байдаггүй юм байна. Тэр ч байтугай хазуулсан хүүхдүүдээ дагуулаад шүүх эмнэлэг дээр очиход өөдөөс нь мөнгө нэхсэн гэнэ. Ерөөсөө манай улсын хуулийн тогтолцоо ийм ажээ. Бид хохирогчдыг хамтран ажилладаг байгууллага болох Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй холбож өгсөн ба тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд бас л зардал мөнгө хэрэгтэй болоод байна. Нөхрийн талын гэр бүл хөрөнгө мөнгө ихтэй, танил тал олонтой хүмүүс гэнэ. Иймээс бид хүүхдэд хайртай хүмүүс та бүхнээс тусламж гуйж байна ! Хүүхдийг ийм болтол нь яргалсан хүн дүрст араатнууд заавал ял шийтгэлээ хүлээх ёстой, хүн бүр боломжоороо энэ хүүхдүүдэд туслахаар хичээцгээе !
Давтан хэлэхэд энэ зөвхөн илэрсэн ганц хэрэг төдий болохоос ийм төрлийн аймшигтай гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэгдсээр байгаа юм. Бид эх хүүхдийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудлыг харгалзаж үзэн төрсөн эхтэй нь зөвшилцсөний үндсэн дээр тэдний нүүр царай, нэр усыг гаргахгүйгээр зөвхөн гэмтлийн байдлыг харуулсан зургийг дэлгэж байна. Хоёрхон настай охиныг ийм болгочихоод байхад өмгөөлөх тогтолцоо байхгүй гээд “Мөнгө нэхэж” суудаг эрх мэдэлт албан тушаалтнууд өөрсдөө ч гэсэн ийм нялх үртэй гэдгээ санан “Гэр бүл, хүүхдийн төлөө” дорвитой үйлдэл хийхийг шаардаж байна !
Та үүний эсрэг юу хийж чадах вэ ? Хамгийн эхний алхам бол бид чадлаараа доорхи дансанд мөнгө хандивлан хүүхдүүдийн хэрэг дээр өмгөөлөгч томилуулж, тэдний эмчилгээний зардалд нэмэр болох юм. Сэтгэлд цэнзүүр үгүй билээ !
Өмгөөлөгчийн зардал болон хүүхдийн эмчилгээнд хандив өргөх данс :
ХЭҮТ – Худалдаа хөгжлийн банк 453019211
Бид өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлээ хийх болно !
Лантуун дохио ТББ