Хөдөлмөрийн судалгааны институтиэс нийт 1731 байгууллагын 28 мянга 763 ажилчны дунд явуулсан цалин, хөлсний бүтцийн судалгаагаа танилцууллаа.
Монголд ажиллаж байгаа гадаад улсын иргэн харъяат ажиллагсдын үндсэн цалин 1.7 сая төгрөг байна. Гадаад ажиллагсдын цалинг салбараар нь авч үзвэл бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажиллаж буй гадаад ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 7.2 сая төгрөгт хүрчээ.
Эдгээр дүнд цалин хөлсний нэмэгдэл, байршил, хүйс, боловсролын түвшин зэрэг үзүүлэлт нөлөөлсөн аж. Тухайлбал Улаанбаатар хотод амьжиргааны өртгөөс хамаарч, хамгийн өндөр цалин олгож байна.
Үндсэн цалинг бүс нутгаар нь авч үзвэл Улаанбаатар хотод ажиллагсдын үндсэн цалин улсын дунджаас 63.1 мянган төгрөгөөр илүү байхад төвийн бүсийнх 91.8, баруун бүсийнх 123.6, хангайн бүсийнх 113.9 харин зүүн бүсийнх 134.5 мянган төгрөгөөр бага байна.