Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил энэ даваа гаригаас албан ёсоор эхэллээ. Энэ сонгуульд 23 нэр дэвшигч өрсөлдөж байгаа тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлжээ. Хэвлэлүүдийн таамаглаж буйгаар, өнгөрсөн хоёрдугаар сард Оросын талыг баримтлагч Засгийн газрыг түлхэн унагаасан эсэргүүцлийн жагсаалыг санхүүгийн хувьд дэмжиж байсан тэрбумтан Петро Порошенко сонгогдох магадлал хамгийн өндөр байна.
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгад оролцогчдын 40 орчим хувь түүнийг дэмжиж байсан аж. Порошенкогийн нэр хүнд саяхан шоронгоос суллагдсан, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийнхоос хамаагүй илүү байгаа аж. Украины зүүн болон өмнөд нутагт Оросыг дэмжигч оршин суугчид түр Засгийн газрыг эсэргүүцэн жагссаар байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд, Украины зүүн нутгийн Донецк хотын төвд орших талбайд Оросыг дэмжигч 2000 орчим иргэн цуглаж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Зарим нь Оросын төрийн далбааг барьсан байсан бол, нөгөө хэсэг нь Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж, санал асуулга явуулахыг шаардсан бичиг бүхий уриа лоозон барьсан байна.