Дэлхий дахинд хөгжилтэй орнуудад хөрөнгийн зах зээл нь давамгай байдалтай оршин тогтнож тухайн улсынхаа эдийн засагт хямд мөнгөний эх үүсвэрийг үүсгэдэг бол Монголд мөнгөний зах зээл буюу банкны салбар 98 гаруй хувийг эзлэн, 15-18 хувийн дундаж хүүтэй мөнгийг зах зээлд эргэлдүүлж байна.
Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 467 дугаар тогтоолоор 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэр бүхий банкнуудын “Үнэт цаасны зах зээлд харилцагчийн нэрийн өмнөөс, түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болголоо. Үүнд:
“Улаанбаатар хотын банк” ХХК
“Худалдаа хөгжлийн банк” ХХК
“Чингис хаан банк” ХХК
“Хаан банк” ХХК
“Голомт банк” ХХК
“Төрийн банк” ХХК
“Капитрон банк” ХХК
“Капитал банк” ХХК
“Хас банк” ХХК
“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК орж байна.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол банкаар арилжаалагдаж буй Засгийн газрын өрийн хэрэгслийг худалдаж авах захиалгыг бусдаас хүлээн авахгүй байхыг дээрх нэр бүхий арилжааны банкуудад үүрэг болгосон байна.
Ийнхүү Монгол Улс дэлхий нийтийн чиг хандлагад ойртож хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээлийг шударга өрсөлдүүлэх бас нэгэн чухал шийдвэр гаргалаа.
Г.Туяа