Өчигдөр Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрсөн “AirAsia” компанийн онгоц агаарын хөдөлгөөний хяналтын албаныхантай холбоо тасраад байгаа билээ. Тодруулбал “Онгоц орон нутгийн цагаар өнөө өглөө 05:35 минутад хөөрснийхөө дараа 07:24 цагт холбоо тасарсан хэмээн “AirAsia” компани Твиттерт жиргэсэн юм. Airbus A320-200” онгоцонд нийт 162 хүн сууж явсан бөгөөд нислэгийн багийн долоон гишүүн, 138 хүн, 16 хүүхэд, нэг нярай зорчиж яваа хэмээн албаныхан мэдээлээд байгаа билээ. Гэвч уг онгоцны сураг одоо болтол гараагүй байгаа юм. Онгоцыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэдий ч сураг нь гараагүй байгаа. Харин QZ 8501 нислэгийн зорчигчдын ар гэрийнхэн онгоцны буудал дээр шинэ мэдээ ирэхийг хүлээн сууж байгаа юм.
Онгоц хамгийн сүүлд холбоо барихдаа хэвийн бус чиглэлд нисэж байсан гэв
Индонезийн Тээврийн яамны төлөөлөгч Хади Мустофагийн мэдээлснээр QZ 8501 нислэгийн дугаартай онгоц хамгийн сүүлд Жакартагийн агаарын хөдөлгөөн удирдах цамхагтай 06:17 цагт холбоо тогтоосон юм байна. Мөн онгоц холбоо тасрахаас өмнөхөн хэвийн бус чиглэлд нисэж байсан гэж Тээврийн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Онгоцны эрлийн ажил Австралийн тал тусламж үзүүлнэ
Австралийн талаас сураггүй болоод байгаа QZ 8501 нислэгийн дугаартай “AirAsia” компанийн “Airbus A320-200” онгоцыг эрэн хайх ажилд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Мөн тэдний талаас онгоцыг барьцаалагдсан байж магадгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Онгоц ослын буулт хийсэн гэх мэдээллийг шалгаж байна
Сураггүй болоод байгаа онгоцыг ослын буулт хийсэн гэх мэдээлэл албаныханд иржээ. Тодруулбал онгоцонд зорчиж явсан иргэний хамаатан нэгэн үл мэдэгдэх дугаараас мессеж хүлээн авсан бөгөөд онгоц ослын буулт хийсэн, бүх зорчигчид эсэн мэнд байгаа тухай бичсэн байжээ. Индонезийн тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ява тэнгисийн Белитунг гэх арлын зүүн хэсэгт ослын буулт хийсэн гэх мэдээллийг шалгаж байгаа хэмээн мэдэгджээ.
“QZ 8501” нислэгт гадаадын зургаан иргэн зорчиж явжээ
Өчигдөр өглөө Индонезоос Сингапурыг зорьсон “AirAsia” авиа компанийн 162 зорчигчтой онгоц сураг тасраад байгаа билээ. Тэгвэл тус онгоцонд гадаадын зургаан иргэн сууж явсан байна. Тодруулбал онгоцонд багийн зургаан гишүүн, 155 гишүүн сууж явжээ. Тэдний дунд насанд хүрсэн 138 хүн, 16 хүүхэд, бага насны нэг хүүхэд байсан байна. Түүнчлэн БНСУ-ын гурван иргэн, Сингапур, Их Британи, Малайз улсын тус бүр нэг иргэн байсан гэж Сурабая дахь Жуанда нисэх онгоцны буудлын Ерөнхий менежер Трикаро Рахаржо ярьжээ. Бусад нь Индонез улсын иргэд байсан гэнэ.
“AirAsia” нь Малайзын авиа компани юм
Сураггүй болоод байгаа “Airbus A320-200” онгоц нь “AirAsia” авиа компанийн онгоц билээ. Тэгвэл “AirAsia” бол Куала Лумпурт төвтэй Малайзын авиа компани бөгөөд орон нутгийн болон олон улсын 100 чиглэлд нислэг үйлддэг юм байна. Өмнө нь Малайзын агаарын тээврийн МН370 нислэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лумпураас хөөрснийхөө дараа холбоо тасарч одоо болтол ор сураггүй байгаа билээ. Сураггүй болсон Боинг 777 онгоцны 239 хүнийг Малайзын Засгийн газар амь үрэгдсэнд тооцсон юм. Малайзын онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон хэмээн үзэж, өнгөрсөн хугацаанд 20 гаруй орны хамтарсан баг өмнөд эрэл хайгуул хийсэн боловч олоогүй байна. Мөн Малайзын МН17 нислэг өнгөрсөн долдугаар сарын 17-нд Украины салан тусгаарлах үймээн дэгдсэн зүүн хязгаарт нисэж явахдаа пуужинд оногдон сүйрсэн билээ. Үүний улмаас онгоцонд зорчиж явсан 283 зорчигч, нислэгийн багийн 15 хүн бүгд амь үрэгдсэн юм.