Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар ярилцлаа.
–Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн хүрээнд зохион байгуулж ажлын талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн хүрээнд үндэсний хэл, түүх, соёлын цогц арга хэмжээг зохион байгуулж байна. Бид 12 дугаар сарын 17-нд “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн танилцуулга-“Монголын эх түүх” 6 боть номын нээлтийн ёслол, 12 сарын 24-нд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Орос Улсад (түүх ба гэрэл зураг) гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Уг гэрэл зургийн үзэсгэлэн ирэх оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Монголын Үндэсний Музейн Үзэсгэлэнгийн танхимд гарна. 12 дугаар сарын 29-нд улс, аймгийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдааныг Монгол Бөхийн өргөөнд мөн зохион байгуулна.
-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан хүчит бөхийн барилдаан үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан болсон нь мэдрэгддэг. Барилдааны үеэр сонин содон юу болох вэ?
-Монгол бөхийн өргөөнд Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны ойгоор 128 бөх барилддаг болсон. 12 дугаар сарын 29-нд 2014 оны хамгийн өндөр чансаатай 128 бөх барилдана. Өөрөөр хэлбэл, монгол үндэсний бөхийн энэ оны хамгийн шилдэг бөхчүүд хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж түрүүлсэн бөхөд цом гардуулдаг уламжлалтай бөгөөд мөн өөрийн зүүж буй цагаа дурсгана. Шөвгөрсөн 16 бөхөд бас бугуйн цаг дурсгах юм. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой бол монгол хүний монголоо гэх сэтгэлийг сэрээж, эрх чөлөө, тусгаар тогтнолын утга учрыг сануулдаг жинхэнэ монгол баяр, монгол шинэ жил билээ.