Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын цагдаа Замын цагдаагийн газар, Монгол Улсын тээврийн прокурорын газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, хуулийн төсөлд тусгах саналуудаа хэллээ. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ, “Жил ирэх тусам авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, энэ хэмжээгээр зам тээврийн осол гарсаар байна. 2014 онд нийслэлийн хэмжээнд 26678 осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 76.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар авто машин жолоодсон жолоочийг илэрүүлсэн зөрчил 50917 болж өнгөрсөн оноос даруй 21 хувь өссөн байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн мэдээ юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед хүлээлгэх хариуцлага маш хөнгөн байгаагаас иргэд хариуцлагаас айхгүй байна. Нэг жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж байгаа боловч эрхээ хасуулсан иргэд үргэлжлүүлэн тээврийн хэрэгслээ жолоодсоор байгаа нь нууц биш юм” гэлээ.
Мөн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Д.Сарангэрэл, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа нарын гишүүд оролцож саналаа хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хариуцлагын тогтолцоог чангатгахаас илүүтэйгээр хувь хүмүүсийн ухамсарт нөлөөлсөн сурталчилгаа, мэдээ, мэдээлэл гаргах нь чухал юм гэдгийг онцлов. Мөн тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор хичнээн өрх айлд хагацал учирч, хичнээн аав, ээж хүүхдүүд амь насаараа хохирч, нийгэмд ямар их хор хохирол учирч байгааг тоогоор илэрхийлэхэд хэцүү юм. Сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг мөнгөөр хэмжих боломжгүй гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулж байгаа тухайгаа танилцуулаад хуулинд орж байгаа гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын урьдчилан сэргийлэх хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Баярмагнай нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.