Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Зууны мэдээ сонины, үндэсний мэдээллийн төвд болж өнгөрлөө. 2009 оны 7 сарын 16-ны өдөр анх батлагдаж байсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” гэсэн урт нэртэй хуулыг энэ оны намрын чуулганаар хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан байгаа аж. Энэхүү хуулийг анх батлагдсан хэвээр нь байлгаж, харин хэрэгжилтэнд анхаарах нь зүйтэй гэж “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ болон Босоо Хөх Монгол ТББ үзэж байгаа юм.
Үнэхээр ч Монгол орны байгалын баялаг хэдэн гишүүд, эрх бүхий хүмүүсийн гараар дамжин сүйрч үгүй болж байгаа асуудал нүднээ илхэн байгаа. Анх батлагдсан энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь , мөн л мөнгө олох гэсэн эрх мэдэлтнүүдийн ээлжит нэгэн боломж болох хандлагатай байгаа гэж дээрх холбоодын гишүүд үзэж байгаа юм. Ашигт малтмалыг 20 гаруй жил ухаж, боловсруулж, худалдаалж байгаа. Энэхүү баялгаа зөв ашигласан бол өдийд Монгол улсын хөгжил ямар байж болох байсан бол? Гэтэл хэдэн гишүүдийн гэдсээ дүүргэх үйл болоод л дууссан гэдгийг уншигч та бүхэн мэдэх бизээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Иргэдээсээ асуу, Иргэдээ сонс, Иргэдээрээ шийдүүл”, “Иргэний оролцоогүй иргэний нийгэм гэж байж болохгүй. Хүний оролцоогүй хүний нийгэм гэж байж болохгүй” гэсэн уриа өнөөгийн нийгэмд хэрэгжилт муу байна. Нийгэмд хэрэгтэй, байгальд хэрэгтэй, улсдаа хэрэгтэй хуулийн энэхүү төслийг хэдэн гишүүдийн санаачлагатайгаар өөрчлөх болсонд иргэд ч мөн эсэргүүцэж байгаа юм. Өөрсдийн дуу хоолойгоо хүргэх, жагсаал цуглаан, хурал зөвлөгөөнийг олон удаа хийж байсныг мэдэх хүн цөөнгүй болов уу. Улс орны баялаг, байгалийн өнгө зүс хэрхэн доройтож сүйрч байгааг гишүүд болон, ерөнхийлөгчид баримт нотолгоотойгоор үзүүлэх гэж олон удаагийн эрдэмтэд, судлаачдыг цуглуулсан хурлыг Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ хийж байсан ч, харамсалтай нь ерөнхийлөгч болон, гишүүд ирээгүй байна.
2015 оны 1 сарын 16-ны энэ өдрөөс эхлэн тус байгууллагын хамт олон иргэдтэйгээ хамтарч “Гишүүдийн гэдсэнд орсон Монгол орны баялгийг, хямралтай эдийн засаг, хямарсан цаг үедээ эргүүлэн олгох” ажилыг хийж эхлэхээ тус хэвлэлийн бага хурлын үеээр албан ёсоор мэдэгдлээ.
Мөн хуулиа хэрэгжүүлдэггүй төр, ажилаа хийдэггүй ерөнхийлөгчийг ч өөрийн саналаар албан тушаалаасаа огцрох саналыг тавьж байгаа гэнэ. “Хууль үйлчилдэггүй улстөрчдийг өдөр бүр хогийн саванд хийж, идэж завшсан мөнгийг нь улсдаа эргүүлэн төлүүлж, улс эх орноо хямарлаас гаргахад хамтран ажиллацгаая” гэсэн уриаг дээрх төрийн бус байгууллагын хамт олон гаргаж байна.
Ч.Мандахнар