Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт удахгүй дуусна. Ханиад томуу ихтэй үед хүүхдүүдийг сар гаруй амраалаа. Энэ зөв шийдвэр. Гэхдээ амарсан хүүхдүүдийн чөлөөт цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх талаар бодолгүй өнгөрөөсөн нь алдаа болжээ. Сурагчдын амралтын хугацаанд тэдэнд зориулсан өдөрлөг, ажлыг нэг ч удаа зохион байгуулсангүй. Хүүхдийн насны онцлогт тохирсон нэвтрүүлэг төдийлөн гарсангүй. Харин улиг болсон “Харри Поттер” л хэдэн телевизээр гарлаа. Ингэж үзсээр байгаад хүүхдүүд одоо энэ олон ангит киноны үйл явдлыг бараг цээжилчихсэн байх. Ямар сайндаа учир мэдэх зарим хүүхэд “Одоо энэ киногоо гаргахаа болиосой” гэж хэлэх вэ. Тиймээс л тэд энэ урт амралтынхаа ихэнх цагийг мөсөн гулгуурын талбай дээр өнгөрөөж байна. Хотын төв, захын дүүргүүдэд шинэ оныг тохиолдуулан хэд хэдэн мөсөн гулгуурын талбай барьсан. Тэр л хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэж байна. Уг нь үүний оронд үзвэр үйлчилгээний газруудад хүүхдэд зориулсан уран бүтээл хийсэн бол… Мөн телевизүүд хүүхдүүдийн амралтын цагаар тэдэнд зориулсан мэдээ, нэвтрүүлгийг бэлтгэсэн бол “Нүдээ олох” байв. Сурагчдын амралт эхэлсэн болохоор цэцэрлэгийн хүүхдийн ирц бараг 50 хувьдаа ч хүрэхгүй байна хэмээн багш нар ярьж байсан. Тэгэхээр сурагчид амралтаараа дүү нараа харж, үзсэн сурсан зүйл багатай чөлөөт цагаа өнгөрүүлжээ. Уг нь үүний оронд тэдэнд мэдлэг мэдээлэл олгох ажлыг дорвитойхон хийсэн бол сурагчдын амралт үр дүнтэй өнгөрөх байж дээ.
Б.Сэлэнгэ