Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг эргэн харж, нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. УИХ-ын гишүүн З.Энхболд, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шаардлагууд үгүй болж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр хэн дуртай нь нотариатч хийж болно гэсэн үг үү хэмээн лавласан.
Ажлын хэсгээс, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох талаар Зөвшөөрлийн тухай хуулийн ерөнхий зохицуулалтад тусгаад, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулиар тэр зөвшөөрлийг хэн олгохыг заасан хэмээн тайлбарласан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, зөвшөөрлийг олон шат дамжлагаар олгодог хүнд суртлыг арилгах гэж байгааг дэмжиж байгаа ч нотариатын зөвшөөрөл, хуульчийн гэрчилгээ, галт зэвсгийн зөвшөөрөл зэргийг ялгаж салгахаас аргагүй хэмээж байлаа. Тэрбээр, нотариатын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах нь бүхэл бүтэн системтэй. Шалгалт өгч, тусгай шаардлага ханган, хариуцлага хүлээж ажилладаг. Үүнийг худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй адилтгах аргагүй. Эмч, хуульч ч ялгаагүй. Мэргэжлийн түвшин, хариуцлага, үргэлжилсэн сургалт байнга дагалддаг онцлогтой энэ ажлыг гүйцэтгэх зөвшөөрлийг архи зарах зөвшөөрөлтэй харьцуулж болохгүй гээд энэ төрлийн зөвшөөрлийг олгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд тусад нь бүлэг болгон оруулах шаардлагатай гэж хэлсэн.
Ажлын хэсэг, эмч, хууль, нотариатчийн эрхийг олгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд тусгаад, мөн хуульд зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлагыг тухайн салбарын хуулиар нь зохицуулахаар заасан гэж хариулсан юм.
УИХ-ын гишүүн З.Энхболд, энэ асуудлыг ажлын хэсгээр дахин хэлэлцэх хэрэгтэй. Үүний дараа байнгын хороогоор хэлэлцэхгүй бол эргэж харж, нягтлах зүйл олон байна хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, төслүүдийг харж байхад жолоочийн хариуцлагын даатгалыг хэн дуртай нь хийхээр болоод орж ирж байна. Хэрэв ингэвэл энэ систем нурах аюултай гэж хэлсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд дээрх хуулийн төслүүд дээр ажиллах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулан байгуулаад дээрх ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэгтэй хамтран ажилласны дараа асуудлыг дахин хэлэлцэхээр тогтлоо.
Үүний дараа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд, Чөлөөт бүсэд нэвтрэх гадаадын иргэн виз авахгүй орж ирэх юм байна. Хил дээр байгаа чөлөөт бүс рүү нэвтрэх энэ нь асуудалгүй юм байна. Харин хилээс дотогш байгаа Чойр гэх мэт чөлөөт бүс уруу нэвтрэх бол визийн асуудлыг хэрхэх вэ гэж лавлаж байлаа.
Ажлын хэсгээс хариулснаар, Чойрын чөлөөт бүс рүү гадаадын иргэн нэвтрэх тохиолдолд хэрхэх талаар нэлээд ярилцаад, тийш нь гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэхэд хүндрэлтэй, хяналт тавих боломжгүй гэж үзээд нутгийн гүн дэх чөлөөт бүс рүү визтэй нэвтрүүлэхээс аргагүй гэсэн шийдэлд хүрчээ. Замын-Үүд, Алтанбулаг боомт руу гадаадын иргэд визгүй нэвтэрч, чөлөөт бүсээс Монгол Улсын нутаг уруу нэвтрэх тохиолдолд виз авахаар зохицуулалт хийсэн байна. Хилийн боомт дээр Монгол Улс руу нэвтрэх виз олгож байгаа бөгөөд шаардлага хангасан гадны иргэд виз аваад чөлөөтэй нэвтрэх боломжтой ажээ.
Асуулт хариултын дараа гишүүд саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чөлөөт бүсийн асуудалд ихээхэн шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хороотой хамтран хуралдах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, чөлөөт бүсийн асуудлыг шинэ Засгийн газар дахин авч үзэх хэрэгтэй гээд энэ талаар Засгийн газрын байр суурийг сонсох гэсэн санал гаргасныг гишүүд дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.