Чөлөөт цагаа зурагтын өмнө өнгөрөөх дуртай хүн олон. Ингэж олон цагаар зурагт ширтэх нь өвдөхөд хүргэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гурван цагаас илүү зурагт үзэхэд бие махбодид муугаар нөлөөлдөг байна. Тухайлбал, ганцаардах эмгэгт өртөж болно.
Олон цагаар зурагт үзэж, улмаар зурагтын орчинд амьдрах нь нийгмээс, хүмүүсээс харилцаагаа өөрийн эрхгүй таслахад хүргэдэг байна. Өдөрт гурван цаг зурагт үздэг бол жилийн 365 хоногт 1095 цагийг зурагтын өмнө өнгөрөөх нь. Ийн олон цагаар зурагт үздэг хүн бүхнийг зурагтаар гарах нэвтрүүлэг, кино, мэдээллийн хүрээнд сэтгэж, бусдыг, бодит амьдралыг ч зурагтаар үзсэнтэйгээ адилтган сэтгэж эхэлснээр ганцаардмал, хүмүүстэй нийц муутай нэгэн болдог аж. Ялангуяа бага насны хүүхэд олон цаг зурагт үзвэл ийм эмгэгт өртөх магадлал тун өндөр.
Зурагт хэт шимтэн үзэж хөдөлгөөнөө багасгаснаас таны дархлаа суларч ханиад хүрч мэднэ. Зурагт байгаа өрөөнд агааржуулалт муу, өрөөний гэрэлтүүлэг хангалтгүй байх нь дархлаа сулрахад нөлөөлдөг байна. Мөн зурагт хэт шимтэн үзэх нь хоол боловсруулах системийн хэвийн ажиллагааг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлдэг байх юм. Учир нь олонх хүн зурагт үзэх үедээ хооллодог. Энэ үед хамаг анхаарал нь зурагт руу чиглэдгээс ходоодоо дүүртэл чихэж, ходоод идсэнийг нь боловсруулах гэж их ажиллах хэрэгтэй болно. Ходоод үргэлж ийм их ачаалалтай байвал хэвийн ажиллах боломжгүй болох аюултай. Өдөрт гурван цагаас илүү зурагт үздэг таван хүн тутмын хоёр нь ходоодны өвчин тусдаг гэсэн статистик ч бий.
Зурагт олон цагаар үздэг хүмүүс амархан таргалдаг. Хөдөлгөөн багасдаг, дээр нь илчлэг ихтэй хүнсийг хяналтгүйгээр ихээр хэрэглэх нөхцөл бүрдэнэ. Учир нь олон хүн зурагт үзэнгээ амаа хөдөлгөх дуртай байдаг. Ингээд л нэг л мэдэхэд таргалдаг юм.
Орчин цагт олон хүн харааны шил зүүх болсон. Ийн хараа муутай хүн олширсон нь зурагт олон цагаар үздэгтэй холбоотой гэнэ. Гэрэлтүүлэг муутай өрөөнд зурагт үзэх нь хараа муудах нэг шалтгаан болдог.
Зурагт үзэхэд нэг аюул бий. Зурагт нэг л үзээд эхэлбэл зурагтын орчинд өөрийн мэдэлгүйгээр орж, өөрийгөө хянах чадвараа алдаж, гарсан болгоныг үзчих гээд байдаг гэмтэй. Энэ нь зарим хүнийг цусны даралт нь ихсэх, зүрх судасны өвчинд нэрвэгдэхэд нөлөөлнө. Ямар кино, нэвтрүүлгийг үзэх нь их чухал. Аймшгийн кино үзэх, сэтгэл эмзэглүүлэм стресст оруулж мэдэх мэдээллийг байнга сонссоноос таны бие хямарч болох юм. Иймд сонголтгүйгээр зурагт үзнэ гэдэг байж боломгүй хэрэг юм.
Олон цагаар зурагт үзэх нь таныг өвчинд нэрвэгдэхэд хүргэдэг болохоор та аль болох цөөн цагаар зурагт үзэх хэрэгтэй юм.
Ugluu.mn