УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийж мэдээллээ хийлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өгсөн юм. Тус бүлэг өнөөдөр нийт таван асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт “Урт нэртэй” хуулийн төслийг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч Д.Арвингаас мэдээлэл сонсох байжээ. Гэвч бүлгийн гишүүдийн ирц хангалттай бүрдээгүй учраас дахин хэлэлцэх болжээ. Түүнчлэн уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар тус бүлгээс Г.Уянга гишүүн ажиллаж байгаа юм байна.
Үүний дараа Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг хэлэлцсэн байна. Төслийн нэрийг Засгийн газраас Согтууруулах ундааны хяналтын тухай хууль болгон өөрчлөн оруулж ирсэн байна. Ерөнхийдөө нэг агуулгатай хоёр хуулийн төсөл өргөн баригдсан гэдгийг мэдээлэл өгч буй З.Баянсэлэнгэ гишүүн тодотгосон. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Согтууруулахр ундааны хяналтын тухай хуулийг өргөн мэдүүлжээ. Тиймээс хууль санаачлагчийн танилцуулгын бүлгийн гишүүд сонссон байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд саналаа хэлжээ. Тус хоёр хууль үзэл баримтлал, агуулгын хувьд 70-80 хувь нь адилхан. Харин зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал гарчээ. Өөрөөр хэлбэл, архи худалдах, үйлчлэх, үйлчилгээний газруудтай холбоотой санал нэлээдгүй гарчээ. Бүлэг тус хуулийг агуулгынх нь хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин зарчмын зөрүүтэй саналаа байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган дээр тавих юм байна. Эцэст нь бүлэг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өмнө нь 24 гишүүний гарыг үсэгтэй өргөн баригдсан Өршөөлийн тухай хуулийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
www.unen.mn