Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн.
Тусгай зөвшөөрлийн олголтын талаар өнөөдөр Ашигт малтмалын газарт даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа тэргүүтэй албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
01 сарын 16-наас хойшхи хугацаанд нийт 614 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлснээс 536 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авсан, эдгээр аж ахуйн нэгжээс 454 нь системд нэвтрэх эрхээ авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон байна.
Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 569 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 36 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-15, Сингапур-6, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-2, бусад-6/, 9 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байсан байна.
Энэ хугацаанд цахим хэлбэрээр 90 өргөдлийн дугаар олгосон бөгөөд 71 өргөдлийг хүлээн авч шүүлт хийжээ. 13 цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүд цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, 6 аж ахуйн нэгж солбилцлоо буруу оруулсан тул өргөдлийг хүлээн авч бүртгээгүй гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 71 өргөдлийг хүлээн авч зураг зүйн шүүлт хийхэд 47 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул Засаг даргын санал авахаар шилжүүлээд байна. Харин 11 өргөдөл гаргасан талбай өмнөх өргөдлийн талбайн давхцалтай, 1 өргөдөл гаргасан талбай шүүхийн маргаантай шалтгаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авахаас татгалзаж аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна.
Аж ахуйн нэгжүүдээс ирсэн удаа дараагийн санал хүсэлтийг үндэслэн нэг удаа 30 цахим дугаар олгодог байсныг 120 болгож өөрчилжээ. Ингэснээр 7 хоног бүрийн даваа гаригт 120 дугаар олгож Мягмар, Лхагва гаригт, Пүрэв, Баасан гаригт өргөдлийг хүлээн авч, хянаж үздэг болох юм.
Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлж, байгууллагын гадна болон дотор байршуулсан дэлгэцээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн мэдээлэл, солбицол, холбогдох заавар, зөвлөмж зэрэг аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай бүхий л мэдээллийг өгч ажилласан, бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг 2 удаа зохион байгуулсан ба нийт 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна.
Мөн сонгон шалгаруулалт явуулах талаар болон Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулсан талаар мэдээлэл өгөв.
Засгийн газрын 2014 оны 7 сарын 28-ны өдрийн 23 дүгээр тогтоолоо батласнаар нийт газар нутгийн 19,88 хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ба үүний 13,39 хувь буюу 20,9 га талбайд өргөдлөөр, 6,49 хувь буюу 10,2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг олгох юм.
Г.Эрдэм